Sunday 20 November 2011

The Terrible Truth

Views

Нүцгэн үнэн

“The Economist” сэтгүүлийн сүүлийн дугаар дээр маш сонирхолтой хоёр ч нийтлэл гарсан байх юм. Уншиж ойлгосноо өөрийн бодолтойгоо базаад сийрүүлбэл:

Анзаараад байхад хүмүүс үнэн ба худлын улаан шугамыг зурах гэж асар их хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдөө ч мэдэлгүй хийсэн байх юм. Худал хэлснээ нуух, үнэн гэдгээ батлах гэсээр цаг хугацаа төдийгүй хөрөнгө мөнгийг баруун солгойгүй цацах аж.

Хэсэг эрдэмтэд саяхан тархины мэдрэлийн эсүүдээр дамжин явагдаж буй мэдээллийг кодлон тайлж унших туршилтуудыг амжилттай хийсэн байна. Ингэснээр тухайн хүнтэй ярихгүйгээр бодлыг нь шууд унших боломжтой гэсэн үг.

Эрдэмтэд ч хүний мууг үзэх гэж энэхүү туршилтыг эхлүүлээгүй бөгөөд гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл хөдлөлөөрөө болон харилцааны эрхтнүүдээрээ илэрхийлж чадахгүй байгаа зүйлсийг бодлыг нь шууд унших замаар мэдэж харьцах явдал байсан байна. Өөрөөр хэлбэл толгойд асар нарийн мэдрэгч болон код тайлагч бүхий малгай өмсгөж компьютерийн дэлгэц дээр юу бодож, хүсч байгааг нь текстээр шууд унших юм билээ.

Эдгээр туршилтуудыг дараах 3 түвшинд хийж үзсэн байна. Эхнийх нь хүний зүүдийг судлах, хоёр дахь нь тухайн хүн ямар нэгэн объект хараад дотроо тэрхүү объектийн талаар бодож буй бодол, төсөөллийг нь, гурав дахь нь хүний бодлыг унших байв. Үүний энгийн хэлбэр нь тухайн хүний хүсч буй зүйлсийг нь 3 хэмжээст хэлбэрээр компьютер дээр дүрсээр илэрхийлэн бусдад харуулж болж байсан байна. Нарийвчилсан хэлбэр нь тухайн хүний бодлын унших аж. Зүүдний хувьд зүүдэлж буй хүнийг удирдах, харьцах туршилтуудыг амжилттай хийсэн бөгөөд унтаад зүүдэлж буй хүн нь өөрөө зүүдэлж байгаа гэдгээ мэдэж харьцаж байсан нь гайхалтай үр дүн байв. Сүүлд гарсан “Inception” кино үүнийг тайлбарлах сайхан жишээ болох юм билээ. Өөрөөр хэлбэл хүний юу зүүдэлж байгааг мэдэх боломжтой болоод байгаа аж. Үүнтэй яг адилхан концепц дээр суурилан тархины мэдрэлийн эсүүдтэй ажиллах замаар унтаагүй сэрүүн байгаа хүний бодлыг унших туршилтууд эхэлсэн ажээ. Цаашилбал нас бараад удаагүй байгаа хүний хүртэл бодлыг хэсэг хугацаанд “татан авч уншиж” боломжууд байгаа бололтой юм билээ.

Энэхүү туршилт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүрээнээс халиад үг хэлээр дотоод сэтгэлээ бүрэн илэрхийлж чаддаггүй хүмүүсийг зах зээлээ болгож эхлээд байгаа аж. Зарим оффисийн буюу асар их хэмжээний бичиг баримттай ажилладаг ажилтнууд дээр гараараа компьютер дээр шивэхийн оронд тархин дотроо бичихийг хүсч байгаа зүйлээ бодон шууд автоматаар компьютер руу оруулж болох эсэх туршилтыг хүртэл ид хийж байна.

Цаашилбал энэхүү туршилтын хамгийн оргил нь хүний худал ярих чадварыг зогсоох эсэх дээр том асуултын тэмдэг гарч ирж буй бололтой! Энэхүү зүйл амьдрал дээр хэрэгжвэл шүүх, цагдаа, прокурорын хэрэг энэ дэлхий дээр бараг байхгүй болж нууц амраг, тагнуулч нар гудамжинд лааз өшиглөж эхлэх буй заа. Цаашилбал олон улсын харилцаа, үнэт цаасны арилжаатай холбоотой гардаг эрсдлүүд байхаа больж покер гэдэг тоглоомын утга нь өөрөө алдагдах биз ээ.

Эрдэмтэд энэхүү туршилтын явцад зөвхөн хүн худлаа ярьдаггүй агаад сармагчинаас эхлээд зарим төрлийн далайн амьтад хүртэл худал дохио өгч бие биенээ “явуулдаг” нь батлагдсан байна. Гэхдээ хүн төрөлхтөн худал ярихыг урлаг болтол нь төгөлдөршүүлсэн бололтой.

Магадгүй Монголын улс төр энэхүү бодол уншигч машинтай бол одоо байгаагаас хамаагүй хөгжилтэй бөгөөд зажлууртай болох байсан буй заа.

Бодлыг уншигч машин ба технологи бидэн рүү ирж айсуй. Аюугтун!

2 comments:

Anonymous said...

ee zolig xudlaa yarij boloxoo baix ni ee :P

Cаарал said...

10 үг бодоход одоогоор дөнгөж 5-ыг нь л зөв тайлж уншиж байна. Тэгэхээр энэ бүхэн дөнгөж эхлэлийн шатандаа байгаа, өөрөөр хэлбэл ирээдүй цаг дээр яригдах асуудал гэсэн үг.