Monday, 9 November 2015

Global Dignity Day

Views

Нэр төрөө эрхэмлэх даян дэлхийн өдөр

Хүн нэрээ, тогос өдөө”; “Нэр хугарахаар яс хугар гэх зэргээр Монголчууд эртнээс нэр төрөө эрхэмд үзсээр ирсэн бололтой юм уг нь бол! Гэвч өнөө үед яг ямар нэр хүндийн төлөө ямар хүмүүс нь юуныхаа ясыг хугалан барин хөөцөлдөөд буй нь зарим үед огт ойлгомжгүй, бүр утгагүй харагдах. Заримдаа хэн нэгэн хүний нэр хүндийн төлөө өөрийнхөө ясыг хугалан барих гүйх залуусыг хараад бахархах нэг хэцүү, бачимдах нэг хэцүү болох.

Эрхэм баян нэр төр гэдэг бол миний ойлголтоор дотоод гоо сайхан (inner beauty) гэдэгтэй адил баггүй хувь хүний бүрхүүлгүй мөн чанар билээ. Үнэндээ өнөөгийн манай нийгмээс ийм хүмүүсийг олох нь ноосон дундаас зүү олохтой адил шахуу болсон гэж хэлэхэд бараг хэтэрсэн болохооргүй мэт.

Нэр төртэй, ноён нуруутай, зарчимтай амьдрах гэдэг нь өнөөдөр утгагүй бөгөөд ойлгомжгүй мэт сонсогдох боловч манай өнөөгийн нийгэмд хамгийн томоор ган, зуд болоод байгаа асуудал бөлгөө. Өнгө, мөнгөнөөс илүү нэр төр гэдэг зүйл яагаад байх ёстой юм, яагаад хэрэгтэй юм гэж олон мянган жил философчид маргалдаж, мэтгэлцэж ирсэн байх юм түүхийг сөхвөл.

Дэлхийн эдийнзасгийн форумын дэргэдэх Дэлхийн залуу манлайлагчдын форумаас Даян Дэлхийн НэрТөрөө Эрхэмлэх Өдрийг бий болгон зарлаж тэмдэглэж ирсээр даруй хэдэн жил болсон ажгуу. Гол сонирхолтой зүйл нь тэд нэр төрийг тодорхойлохдоо хүний эгнэшгүй эрхтэй адилтгасанд байгаа юм. Тэрнээс гадна хүний нэр төр гэдэг зүйл бол хүн өөрийгөө танин мэдэх буюу “Би ер нь хэн юм бэ” гэдэг асуултанд хариулахаас эхэлдэг юм гэдэг санааг гаргасан бололтой юм. Олон хүнтэй уулзаад явахаар үнэхээр яг энэ асуултанд өмнө нь хариулж байсан, хариулахаар бэлдэж байсан хүмүүс миний хүрээн дотор Монголд бараг байгаагүй нь намайг шоконд оруулахаас илүү айлгасан билээ.

Манай Монгол Улс Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдрийн санаачлагад 2009 оноос нэгдэж 7 дахь жилдээ олон нийтэд уг санаачлагыг таниулан сурталчлан ажиллаж байна. Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр санаачлагын зорилго нь хүн бүрт хүмүүн заяа болж төрсөний эрхэм чанарыг ойлгуулж, нийгэмдээ нэр хүндтэй, зөв бие хүн болж төлөвшихөд хөтлөх юм. Ингэснээр хүн төрөлхтөн өөрт тулгарч буй асуудлуудыг өөр өнцгөөс харах, энх тайван, ядуурал болон хөгжил дэвшлийн талаархи ойлголт ухагдахуундаа шинэ хэллэг, шинэ сэтгэлгээг бий болгох чухал ач холбогдолтой аж. Энэхүү санаачлагыг одоогоор дэлхийн 100 гаруй улсад тэмдэглэн өнгөрүүлдэг болоод байна.

Уг санаачлага нь дараахь 5 үндсэн үзэл санаанаас бүрддэг:
  1. Хүн бүр өөрийн амьдралыг нэр төртэй авч явах эрхтэй.
  2. Нэр төртэй амьдарна гэдэг нь өөрийн нөөц бололцоо, чадвараа бүрэн дүүрэн ашиглах боломжтой байхыг хэлнэ. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, орлого, аюулгүй байдлын үндсэн хэрэгцээг авах тэгш эрх дээр тулгуурлана.
  3. Нэр төртэй байна гэдэг нь хүн өөрийн амьдралд өөрөө шийдвэр гаргах эрх чөлөөтэй байхыг хэлэх бөгөөд уг эрхээ хүндлүүлэхийг хэлнэ.
  4. Нэр төр нь аливаа үйлдлийн үндсэн чиг баримжаа, суурь байх ёстой.
  5. Эцсийн дүнд, бидний өөрийн нэр төр бусдын нэр төртэй харилцан хамааралтай байна.
Өнгөрсөн хугацаанд буюу нэг хэсэг манай нийгэм ажлыг сайн хийх, эсвэл муу хийх дээр нилээд маргалдаж цаг авчээ. Харин одоо ямар ч ажлыг зөв эсвэл буруу хийх нь нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр шууд оруулахаар болжээ. Үүнд маш олон шалтгаан байгаа. Ажлыг зөв хийхээс гадна илүү мэргэжлийн түвшинд ажлыг хийнэ, хийж чадна гэдэг нь өөрөө Made in Mongolia гэдэг шиг оригнал шошго болох мэт.

БИД, манай үеийн залуус, ах эгч нар маань, аав ээжүүд минь, эмээ өвөө нар маань бүгд хэн нэгэнд үнэнч явснаараа алдаж, оносон нь бишгүй л байх. Гэхдээ тэдний дундаас арай илүү амжилттай яваа нь өөрөө өөртөө үнэнч байсан хэсэг нь мэт харагдах ба бүр илүү амжилттай яваа нь өөрсдийн үзэл бодолдоо үнэнч явсан нь харагдаад байх юм аа.

Толинд бултаараа өглөө бүр өөрийн зүс царайгаа бус дотоод сэтгэл, үзэл бодлоо харж, дүгнэлт хийж, тордож сурцгаая!

No comments: