Views
Бид бүгдийн Болормаа
Цаг хором бүр улам даяар болж буй дэлхий нийтийн орчин цагийн сэтгүүл зүйн гол хандлагыг аливаа сэтгүүлч ямар нэг чиглэлээр дагнан бичиж, түүндээ мэргэшиж, бичсэн контентийнхоо эзэн нь болж байж хүрдэг амжилтаас гадна иргэдэд илүү бодитой, мэдээллийг хурдан шуурхай хүргэх боломжууд шууд тодорхойлж байдаг.
Л.Болормаа чухам эдгээр хандлагыг бусдаас түрүүлж мэдрэн сэтгүүлчдийнхээ хувьд нэг алхам урд нь явж байсан гэж боддог. Монголд сүүлийн хэдэн жил болж буй уул уурхайн хямрал, үүнээс улбаалсан улс төр ба засаглалын гажуудал, түүний тухай үнэн бодитой, тоо баримттай, аналитик нийтлэл, ярилцлага, нэвтрүүлгийг түүний бүтээлүүдээс л олж унших, үзэх, ойлгох боломжтой гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа.
Уул уурхай бол хүн бүрийн атгаж аваад нийтлэл бичдэг сэдэв огт биш билээ. Тодорхой ахисан түвшиний боловсролтой, мэдээлэл хайх чадвартай, түүндээ боловсруулалт хийгээд дүгнэлтээ гаргаад энгийн хэнд ч ойлгомжтойгоор хүргэх мэдрэмж бас хариуцлага нь хүн бүрийн хийж чадах, хийхийг хүсдэг ажил биш юм. Л.Болормаа чухам энэхүү хариуцлагатай ажлыг иргэний болон мэргэжлийн сэтгүүлзүйн хүрээнд Монголд хамгийн сайн, бүр шилдэг түвшинд хийдэг ганц сэтгүүлч байсан гэж бид үнэлж ба хүндэлж явдаг байсан. Түүний гаргасан нийтлэлд бүгд итгэхээс гадна ухаарал, ойлголт, мэдлэг авч толгой дохихоос бус өөртэй нь дүйцэхүйц үндэслэлтэй тайлбар хийгээд няцаачих хүн хир бараг гардаггүй байсан билээ.
Л.Болормаа сэтгүүлчийнхээ хувьд ч тэр, хувь хүнийхээ хувьд ч тэр олон нийт дунд даруухан, ухаалаг, мэдлэгтэй чанараараа тодоос тод ялгарч байсан гэж боддог. Мэргэжлийн хариуцлагатай сэтгүүлчийн ажлаасаа гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө асар их ажлыг өөрийн хүрч, хүргэж чадах бүхий л түвшинд амьдралынхаа сүүлийн хором хүртэл хийж байсныг түүний сүүлчийн нийтлэл, жиргээнүүдээс тодхон харж болно. Л.Болормаа маань Монголын Тусгай Олимпийн Хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр уригдан орж оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийн төлөө урьд өмнөхөөсөө илүү их ажлыг улам эрчтэйгээр хийхээр төлөвлөж байсныг нь бодохоор бидэнд ямар том гарз, ямар хүнд хохирол учирсныг үгээр илэрхийлэхэд ч багадаж байна.
Таны хийж байсан ажил, мөрөөдлийг гэр бүл, хамт олон тань хамтдаа үргэлжлүүлэх болно оо! Бидний бүгдийн маань Болормаа минь бурхны оронд тавтай нойрсоорой!
Гүнээ эмгэнэсэн:
УИХ-ын гишүүн, Монголын Тусгай Олимпийн хорооны тэргүүн С.Оюун
Монголын Тусгай Олимпийн удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг
No comments:
Post a Comment