Tuesday 17 May 2016

Axis of parasite

Views

Паразитийн тойрог

Хэдхэн жилийн өмнө “Чөтгөрийн тойрог” гэдэг хэлц “моод” болж, бүтэж буй болон бүтэхгүй байгаа бүхнийг амтай болгон энэ муу чөтгөрийн тойргоос боллоо гэдэг тайлбар хийдэг байв. Шалтгаан нь “энгийн” хүн ойлгохын аргагүй философилог мэт мөртлөө их энгийн. Буруугаа л хэн нэгэн рүү чихэх, өөрсдийгөө өмөөрөх, хариуцлагаас зугтах. Энэхүү чөтгөрийн тойргоос болж улс орны хөгжил удааширч, бизнесийн орчин муужирч, төрийн засаглал доройтсон гэж ярих.

Мега болон макро түвшний энэхүү чөтгөрийн тойрог дээр яг хариуцлага хүлээх хүн байхгүй бөгөөд дандаа институци, биет бус объектууд “буруутан” нь болж асуудал дуусдаг байв. Харин бид хэзээ ч хувь хүн дээрээ эдгээр асуудлыг төдийлөн ярьж хөндөж байсангүй мэт.

Хувь хүн рүү дээрх хэллэг ба асуудлыг буулган хөрвүүлбэл бид өөрсдөө хачиг буюу “Паразитийн тойрог” болжээ. Бидэн дунд баялаг гэхээс илүү үнэ цэнэ, үнэт зүйл бүтээж бас түгээж буй хэсэг нь улам бүр цөөрсөөр байна. Тэдгээр цөөрч буй “үндэсний цөөнхөө” харх, жоом шиг хурдан үржиж буй нийгмийн олонхи, масс болсон хэсэг нь үнэндээ хачиг шиг шимж ажиллаж амьдарч байна. Гэхдээ бас ухаантай паразитууд. Шимж буй олзоо бүр үхүүлчихгүйхэн шиг гэхдээ бас “давруулчихгүйхэн” шиг сорж шимж амьдрах нь манай нийгмийн амьдралын хэв маяг болох нь ээ харамсалтай нь.

Ажил хийхийг хүсч буй хүмүүст нь, ажлыг чанартай бас үнэнчээр хийдэг хүмүүсийн үнэ цэнэ цалин, ажлын хөлс гэх мөнгөөр үнэлэгдэж хуваарилагдахгүй хирнээ ажлыг хийлгэхгүй гэсэн хэсэгт бүлэгт нь тэр хийлгэхгүй ажлыг нь хийлгэхгүй ээ гэж урамшуулал, хувь хүртээж буй улс, институци, аж ахуйн нэгж хэрхэн яаж өөдлөх билээ!

Хамгийн харамсалтай нь паразитанд шимүүлж ажиллаж, амьдарч буй хүмүүсийг харж буй микроскопийн дуран авайг алслан анзаарвал тэрхүү хүмүүс маань өөрсдөө бас хэдэн арваараа хэн нэг хүний паразит болж шимэн зоогдсон дүр зураг тодрох бөлгөө. Хэн нэгэнд шантаажлуулан шантаажлуулан ажиллаж амьдрах хирнээ хэзээ ч гомдоллодоггүйн нь шалтгаан нь өөрөө бас хэн нэгнийг шантаажилж гол зогоох урлаг нь бөлгөө.

Төр засгийн хэмжээнд алсын хараа үгүй тул институци нь өөрөө хөгжлийн хачиг болчихсон. Бизнес, компанийн хэмжээнд засаглал нь тунгалаг бус учир үнэ цэнийн хачиг болчихсон.  Хувь хүний хэмжээнд хандлага ба боловсрол нь ядмаг тул өөрийнхөө үнэт зүйлийнхээ хачиг болчихсон өөрийгөө шимүүлж, бусдыг шимж гол зогоож буй мэт.


Үүнийг паразитийн тойрог гэмой.

No comments: