Sunday 1 June 2008

XacBank hosted 11th Micro Finance Conference in Mongolia

Views

Олон улсын бичил санхүүгийн 11-р бага хурлыг

ХасБанк Монголд зохион байгууллаа

Өнгөрсөн хэдэн хоног миний амьдралын хамгийн завгүй бөгөөд стресстэй мөчүүдийн нэг нь байлаа. Завгүй үед маань ар гэртээ санаа зоволгүй ажиллах боломжийг ямагт бүрдүүлж байдаг хамгаас хайртай ээж, аав, дүү, гэр бүлийн хүндээ маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. ХасБанкинд ажилд орсноос хойш бичил санхүү гэдэг зүйлтэй маш сайн танилцаж байгаа бөгөөд энэ төрлийн бизнесийн үр дүн, харилцагчид очиж буй өгөөжийн талаар сэтгэл хангалуун явж байна.

Ер нь бичил санхүү гэж юу вэ гэдэг талаар та бүхэнд эхлээд товч мэдээлэл өгвөл миний энэхүү бичлэг маань илүү логиктой болох байх. Бичил санхүү гэдэг нь санхүүгийн үйлчилгээг хязгаарлагдмал байдлаар авдаг, огт авч чаддаггүй, дундаж, дунджаас доогуур орлоготой бөгөөд алслагдмал газарт ажиллаж амьдардаг иргэдийн бичил бизнесийг дэмжих зорилготой санхүүгийн нэг шийдэл юм. Анх зөвхөн бичил зээл гэж ярьдаг байсан бол одоо харилцагч нар маань хадгаламж, даатгал, гуйвуулга, төлбөрийн карт, интернэт банк, харилцах дансны үйлчилгээ гэх мэт банкны цогц үйлчилгээ авахыг эрмэлздэг болсон байна. Хэдийгээр бичил зээл нь одоогоос 30 гаруй жилийн өмнө Бангладеш, Бразил зэрэг орноос гараагаа эхэлсэн түүхтэй боловч 1980-аад оноос дэлхий даяар хүчээ авч эхэлсэн гэж хэлж болохоор байна. Одоо хүртэл энэ төрлийн зээлийн хүү өндөр байдаг гэсэн маргаан тасардаггүй бөгөөд гол шалтгаан нь дээр дурдсан зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүн нь бусадтай харьцуулбал тухайн үйлчилгээг хүргэх өртөг маш өндрөөс гадна эрсдэл ихтэй байдагт оршино. Хүүг бууруулах ид шид нь эцэс төгсгөлгүй хоосон цэцэрхсэн маргаан, дуусч өгдөггүй хурал хуйнаас илүү цэвэр бөгөөд шударга өрсөлдөөн бүхий бодит ажил хэрэг л байх болно. Гэсэн хэдий ч дэлхийн бичил санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн өгөөж нь дунджаар нь 2,5% байгаа нь харилцан ашигтай хамтын ажиллагаа мөн гэдгийг илтгэж байна. Бичил санхүүгийн гол зорилго нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах, тэр дундаа эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангахад чиглэгддэг.

Монгол улсын хувьд бичил санхүүгийн пионер нь яах аргагүй ХасБанк юм. 1998 онд НҮБ-ийн 1 сая ам.долларын төслөөр эхлэн Монгол улсын анхны ББСБ болж, 2001 онд арилжааны банкны зөвшөөрөл авч байсан ХасБанкны 10 жилийн ой энэ жил тохиож байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус банк нь 300,000 гаруй харилцагч нарын итгэлийг хүлээсэн, Монгол орон даяар тархсан 70 салбар, нэгжээр үйлчилж буй нийт 1,100 гаруй ажиллагсадтай өнөр өтгөн айл болж өргөжсөний сацуу олон улсад нэр хүнд бүхий 10,000 гаруй бичил санхүүгийн байгууллагуудаас шилдэг 50-д аль хэдийн багтаад байна (http://www.mixmarket.org/en/demand/demand.show.profile.asp?ett=38&).

ХасБанк нь 2004 оноос хойш Монголоос анх удаа “Planet Rating”, 2006 онд “Moody’s Investors Service” үнэлгээний байгууллагаар тус тус хөндлөнгийн үнэлгээ хийлгэж өндөр үнэлгээ авсаар байна. Түүнчлэн Дэлхийн Банкны Санхүүгийн Ил Тод Байдлын Шагналыг 2004 оноос хойш гурван жил дарааллан хүртээд байгаагаас тус банк гадаад харилцаагаа өндөр төвшинд өргөтгөн хөгжүүлсэн нь харагдах буй заа.

ХасБанк 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлуудын нэг нь 2008 оны 5 дугаар сарын 29-өөс 31-ний өдрүүдэд Төрийн Ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон Улсын Бичил Санхүүгийн 11 дүгээр бага хурал юм. Олон Улсын Бичил Санхүүгийн Төв нь Польш улсад төвтэй бөгөөд Зүүн Европ, Төв Ази, Европын 111 санхүүгийн байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж 700,000 гаран харилцагч нарт үйлчилдэг олон улсын томоохон байгууллага юм. Гишүүн байгууллагууд нь арилжааны банкуудаас гадна төрийн бус байгууллагууд, хөрөнгө оруулагч нар, хөгжлийн байгууллагууд юм. Энэ удаагийн чуулганд 42 орноос 800 гаруй гадаад, дотоодын өндөр хэмжээний зочид төлөөлөлөгчид бүртгүүлэн ихэнх хувь нь хүрэлцэн ирж оролцсон нь Монгол улсын банк санхүүгийн салбар дэлхий дахинд амжилттай хөгжиж байгаагийн тод илрэл юм.

Монгол улсын банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагууд ивээн тэтгэж оролцсон нь манай бизнесийн байгууллагуудад олон улсын банк санхүүгийн тэргүүн туршлагаас суралцах, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, өөрсдийн үйл ажиллагааны онцлог, арга туршлагаа дэлхий дахинтай хуваалцах, гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх боломжийг олгосон.

Олон Улсын Санхүүгийн Корпораци, Blue Orchard, Mercy Corps, JP Morgan, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Монгол банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Хаан Банк, Кредит Монгол ББСБ, Бичил Санхүүгийн Хөгжлийн Сан, МИАТ, iFlex, UNDP, ING, GTZ, Deutsche Bank зэрэг банк санхүүгийн байгууллагуудаас гадна бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчид, донор байгууллагууд, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид оролцож, өөр хоорондоо үзэл бодол, эрдэм мэдлэг, арга туршлагаасаа хуваалцсан бөгөөд энэ салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Монгол улсын түүх соёл, ёс заншил, өв уламжлал, нүүдэлчин ахуйн аж байдал, байгаль орчин, соёл урлагтайгаа боломжийн хирээр танилцуулахыг хичээлээ. Энэ ажлын хүрээнд төлөөлөгч нарыг хотын болон орон нутгийн салбараар оруулж танилцуулахаас гадна харилцагч нарын бизнес, гэрээр орж танилцуулсан нь Монгол орны маань талаар илүү бодит мэдээллийг өгсөн болов уу.

Ер нь бол ийм төрлийн үйл ажиллагааны ложистик, маркетингийн ажил нь лайтай ажил байдаг юм байна. Зочдыг онгоцноос тосохоос эхлүүлээд яван явтал нь харж хандаж зохицуулах, маркетинг, олон нийтийн харилцаа хийх нь манай зохион байгуулах багийн хувьд амар биш байсан ч маш олон төрлийн хүмүүстэй уулзан танилцаж сайхан найзууд болсон нь юу юунаас илүү эрхэм зүйл байлаа миний хувьд.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч нар байж яагаад Хаан Банк энэ хурлын төлөөлөгч нарын нэг оройн хоол, үзүүлбэрийг өөрийн төв байрандаа зохион байгуулсан бэ, Монголчууд угаасаа ийм нийтэч, бие биендээ тусалдаг ард түмэн үү гэсэн асуултыг нижгээд удаа гадныханаас авч, “Yes, we are” гэж бардам хариулж байлаа. Хоорондоо нэгдэж, мэдээллээ солилцож, харилцан ашигтай хамтран ажиллаж байж бид энэ төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэхээс бус хойд болон өмнөд Солонгос шиг хоорондоо харьцаад байвал аль аль тал нь олигтой юм олж долоохгүй гэдэгт би итгэж явдаг.

Түүнчлэн миний хувьд маш их зүйл сурсан бөгөөд сонирхолтой хэсэг нь хурлын өмнөх болон дараах өдрүүдэд Micro Finance Center, Deutsche Bank, Micro Finance Center, Minlam Asset Management, Women’s World Banking, Cocky de Groot, Micro Finance Opportunities, Cyrano, Shore Bank Pacific, Blue Orchard, The Consultative Group to Assit the Poor, Symbiotics, Global Ag Risk, Micro Finance Management Institute, Micro Insurance Center, Developing World Finance, Standard and Poor’s, Advans, ResponsAbililty, Emerging Market Development, Harbin Bank, Benxi Urban Credit, Angkor Microfinance, Kompanion Financial Group, Joint-Stock Commercial Microcredit Bank of Uzbekistan зэрэг байгууллагуудын захирлуудын зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, дэд захирал, санхүү хариуцсан захирал, бүс нутгийн менежер, зөвлөх, хөрөнгө оруулалтын менежерүүд гэх зэрэг албан тушаалтай 20-д орны 30 гаруй төлөөлөгч нарт банк, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгаа хийж, ХасБанкны тэргүүн туршлагаас хуваалцан сургалт танилцуулга хийсэн явдал байлаа.

Мөн ХасБанктай холбоотой уг хурлын хамгийн бодит үр дүн маань нэг өдрийн дотор нийт 22 сая америк долларын гэрээнд арав гаруй этгээдтэй хийсэн явдал юм. Үйл ажиллагааны хүрээ нь зөвхөн зээл, хөрөнгө оруулалт төдийгүй техник технологи, банк санхүүгийн дэд бүтэц, түгээлтийн сувгууд, техник туслалцааны чиглэлүүд байгаа юм. Энэхүү зөвхөн мөнгөн дүнгээс гадна мөнгөөр үнэлж боломгүй ач холбогдол нь бие биетэйгээ танилцаж холбоо тогтоосон явдал бөлгөө.

Шууд бус үр дүнг бас тооцоолж үзэх юмсан. Өөрөөр хэлбэл гадаадаас ирсэн энэхүү олон зуун хүмүүсийн МИАТ-с авсан онгоцны билетээс авахуулаад зочид буудал, дэлгүүр, ресторан, уушийн газар, такси болон бусад үйлчилгээний газруудад үрсэн мөнгийг нь тооцоолбол нилээд их ногоон мөнгийг бид Монголдоо авч үлдэж, улсдаа орлого оруулсан шүү.

Эцэст нь уг хурлын амжилттай зохион байгуулахад гар бие, сэтгэл оролцсон бүх аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс, ажлын хэсгийн багуудын залуустаа маш их баярлалаа гэж чангаас чанга хэлмээр байна. ТА НАР ШҮҮ.

1 comment:

Anonymous said...

has bankni 10 jild soriulsan pr yum bz dee.tanai bankni bichil zeeliin uilchilgeend 1 dogoldoltoi tal bdg.niigmiin emzeg davhargad hurch uilchilj bai.ted nasaasaraa yaduu yavah tavilantai gejuu.bid bolomj uguh heregtei.tgeehs umnu ter davhargiig tsewershuulen sedeljuulelt uguh n zuitei.ene ajliig oyutan bid hiie ta buhen ter davhargiig sanhuugiin iveeldee avna uu