Views
Санхүүгийн эрх чөлөөтэй “төрөлт” ба татвартай “үхэл”
Ерөнхийлөгчийн цалинг та өөрөө төлдөг гэдгээ хааяа ч болов мэдэрдэг биз дээ? Ерөнхийлөгчөөс гадна төсвийн мөнгөөр цалин мөнгөө авдаг тангараг өргөсөн төрийн зарим ажилчид үүнийг ерөөсөө мэдэхийг хүсдэггүй нь даанч гомдмоор. Хүн ер нь яг өөрийн халааснаас мөнгөө тоолж гаргаад алив нэгэн юм худалдан авахдаа ямар сайн үзэж шалгаж, чанар нь тааруу болон цаг хугацаандаа нийлүүлэгдээгүй бол хэл ам хийж, заргалддаг билээ?
Улс орны эдийн засаг хурдацтай өсөж байна, ДНБ, нэг хүнд ногдох үндэсний орлого нэмэгдэж байна гэж буй хэдий ч баян, ядуугийн ялгаа улам ихэссээр байгаа бус уу? Саяхан судалгааны байгууллагууд гаргасан мэдээлэлдээ Монголд ядуурлын хэмжээ эрс өсөөгүй ч гэсэн ядуурлын түвшин буюу зэрэг нь улам гүнзгий болсон гэж дурдсан байсныг уншиж байсан. Өөрөөр хэлбэл нийгмийн баялаг тэгш бусаар хуваагдаж, хуваарилагдаж байна аа л гэсэн үг. Хуваарилдаг хүмүүс нь өөрсөддөө ашигтай, ихээр хуваарилж чаддаг, энэ зүй тогтол нь “уламжлал” болсон тул одоо энэ орон нутгийн сонгуульд дуучин, телевизийн нэвтрүүлэгч, мэдээ уншигч, бөх, яруу найрагч, дөнгөж сургууль төгссөн хорь гаран насны залуус, төрөл бүрийн бизнесмэнүүд асар ихээр байгаа нь нэгийг хэлж, хоёрыг анхааруулж буй бус уу? Угаасаа улс төр рүү ороогүй үлдсэн нь л хоосон хоцроод байгаа болохоор бүгд хошуурч байгааг ойлгоход уул нь төвөггүй мэт. Ирц хүрээгүй тул дахин санал хураалт явах болоод байдаг. Сая энэ сонгуульд зориулаад 1,000,000,000 нилээд гаран мөнгө зарцуулсан гэсэн. Дахиад иймийг зарцуулахаас нааш сонгууль явуулж, саналаа авч чадахгүй шүү дээ. Энэ мөнгөөр хотын замыг толь болгож, хичнээн олон сургууль, эмнэлэгийн засварыг хийх байсан бол оо? Энэ мөнгө бидний татвараар босдог тул энэ татварыг өгөөгүй бол бид гар дээрээ овоо их цалин тухайн саруудад авах боломжтой байсан гэж бодохоор гол харлахгүй байхын аргагүй.
Сонгууль зарцуулж буй мөнгө яах вэ, гол нь төрд цугларч буй мөнгө шударга хуваарилагдахгүй байгааг л би онцлоод байгаа юм. Үүнээс бол Улаанбаатар хотод ядуу, хөдөөнөөс орж ирсэн, гэр хорооллын иргэд, жаахан хүүхдүүд аймшигтай дээрэм, тонуул, хүн амины хэрэг хийж байна. Миний сайн найзууд болох хоёр ч залуу хоёулаа буюу нэг нь 3-р хороололд явж байгаад, нөгөө нь 10-р хороололд байх гэрийнхээ орц руугаа орж яваад бүлэг залууст дээрэмдүүлэн зодуулж, түрийвч, гар утасаа алдсан байгаа юм. Хоёулаа жаахан халамцуу явж байсан гэж байгаа. Боолгуулсан найз маань ухаан алдсан бөгөөд алуулаагүй үлдсэн нь их юм гээд баярлаад сууж байна лээ. Тэр найз маань том ханхар биетэй, жин нь 100 кг гарсан хүн гээд бод доо. Тэрийг тэгж байгаа юм чинь манийг яах байсан юм бол, бүү мэд. Хэсэг бултаараа шоудаж наргисныхаа дараа бие биенийгээ заавал гэрт нь оруулж өгч байгаарай залуусаа гэж хэлэхээр чинь одоо иргэний дайнтай улсад амьдарч байгаа юм шиг болох гээд байдаг.
1 comment:
setgel emzeglej yavdag asuudluudiin neg mon shuu. shudarga huvaarilalt??!!?? gej yumiig heregjuulehees naash shudarga humuusiig togtoon barihad hetsuu l sanagddag daa
Post a Comment