Views
Tokyo trip day 1 – Goldman Sachs
Сургуулийн хаврын амралтаар Токио руу 3 өдөр ухасхийгээд
ирэв. Миний хувьд олон чухал хүнтэй уулзаж танилцсан маш өгөөжтэй бөгөөд
сонирхолтой 3 өдрийн богино аялал байв. Цуврал маягаар энэхүү аялалынхаа тухай бичиж
мэдээлэл солилцъё хэмээн сэтгэв. Хэдий өнгөрсөн хэд хоног Токио хот бороотой,
сэрүүн салхитай, зэврүүн байсан ч Япон улсын нийслэлд хавар цаг аль хэдийн ирж,
сакура цэцэглээд зарим газраа бүр унаж харагдана билээ. Дэлгүүр, уушийн
газруудын үүдэнд нь ч гэсэн “Meet
me in Spring” гэсэн зурагт хуудаснууд өлгөөтэй байх бөлгөө. Бизнес
сургуулийн маань Finance Club намраас хойш төлөвлөсөн аялалаа эхлүүлж энэ удаад Токио
хотын Роппонгид байрлах Goldman Sachs болон Capital Services Group дээр зочлон
удирдлагатай нь ярилцлага хийж, сонирхолтой яриа өрнүүлэв.
Goldman Sachs-ийн Япон дахь төв нь Роппонги Хиллс Мори Товерийн 47 давхрыг эзэгнэгхэн
байрлах агаад дэлхийн санхүүгийн хямралыг тэсээд үлдсэн тоотой хэдэн санхүүгийн
том компаниудын нэг. Шил шилээ даран дампуурлаа зарлаж байсан компаниудын тоонд
хэрвээ Morgan Stanley орсон бол Goldman Sachs үүний дараа дампуурахад тун чиг ойрхон байсан тухайгаа
бараг хөлсөө арчин барин ярина билээ. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн түүх,
хөрөнгийн биржийн үүсэл хөгжил зэрэг сэдвээр ном, сонин уншиж байхад бараг
ихэнх дээр нь Goldman Sachs компанийн нэрийг дурдаж жишээгээр авсан байдаг юм байна
лээ. Бидэнтэй уулзалт хийсэн гол эрхэм маань Goldman Sachs-ийн Investment Banking Division-ийг хариуцсан Managing Director хэргэмтэй Япон хүн байсан юм. 1998 онд Японы Кэио их сургуулийг дүүргээд ажлын
гараагаа Pricewaterhousecoopers-с эхэлж байсан гэх агаад АНУ, Лондон, Япон зэрэг дэлхийн санхүүгийн бүх
гол төвүүдэд ажиллаж байсан гайхалтай залуу байх. Би хараад мань эрийг 40 гараагүй байх
гэж таасан. Бидний хэдэн оюутаныг энэхүү компанитай уулзуулж өгсөн профессортой
цуг өмнө нь Японд ажиллаж байсан юм билээ. Япон соёл бас хэцүү шүү. Мань эрийг
орж ирэхээс өмнө профессор түүнийг орж ирэхэд нь бүгд босч зогсоод мань эрийг
суусны дараа сандалдаа сууна шүү гэж аминчлан захих нь нэг бодлын бахархмаар,
нэг бодлын төвөгшөөмөөр. Тэгсэн бид мань эртэй цуг ярианд оролцох манай
сургуулийг хэдхэн жилийн өмнө төгсөөд Goldman Sachs-нд trader-р
ажиллаж буй залууг орж ирэхэд андуурч сүр сар хийтэл цэргийн арми шиг босч
андуурч эндүүрээд.
Гол этгээд орж ирээд өөрийгөө товч танилцуулангаа Азийн улсуудаас хэн
хэн байна, гараа өргөнө үү хэмээхэд би бээр дотроо дараа нь Монголоос хэн байна
гэж асуугаад цаашилбал Мянгаа ахыг мань мэтээс асууж өрөө нэхэх вий гэж айхгүй
ч гэсэн аюгүй гэгчээр тухгүй санагдаад явдаг юм билээ. Нэр нэгтийн (Монгол гэдэг нэр) чих нэг гэдэг
энэ буюу. Мань эрийн яриа нь Япон улс бол хөрөнгийн зах зээл биш харин
арилжааны банкууд буюу мөнгөний зах зээл давамгайлсан орон гэж эхэлсэн нь миний
анхаарлыг машид татсан юм. Аль дивангаравын 1878 онд анхны хөрөнгийн биржээ байгуулж байсан Япон
улсын санхүүгийн зах зээл нь арилжааны банкуудын давамгайлал дор байдаг гэж
хэлэхэд итгэхэд бэрх юм. Европын ихэнх улсуудын арилжааны банкууд ч мөн адил
тухайн улсынхаа санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогч байдаг тухай батлан
ярьж байсан агаад гол хүчин зүйл нь европын банкууд Universal Banking статустай буюу арилжааны болон хөрөнгө оруулалтын чиглэлээр хосолсон
үйлчилгээг үзүүлдэг юм гэсэн. Өөрөөр хэлбэл Financial Holding хэлбэрийн
бүтэцтэй байх нь. Японд бол илүү Bank Holding бүтэц байх. Санхүүгийн
хямралын үеэр амь тариа болсон Government
Package нь эдний компанид маш их хэрэг болсон бөгөөд
арилжааны банкууд шиг бусдаас харилцах, хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татан
төвлөрүүлдэггүй хөрөнгө оруулалтын иймэрхүү институцийн хувьд ус, агаар мэт
хэрэгтэй тусламж байсан гэдэг нь ойлгоход төвөггүй байлаа. 2010 он гарсаар
байдал компанийн санхүүгийн байдал эрс сайжирч байгаа бөгөөд Goldman Sachs-аар дамжуулж IPO хийсэн Японы амьдралын даатгалын компанийн гүйлгээний дүн энэхүү салбартаа бараг эхний мөрөнд бичигдэх
арилжаа болсон тухайгаа хэд хэд давтаж хэлнэ билээ.
Goldman Sachs хямралыг амжилттай даван туулж, зах зээл дээр амжилттай ажиллаж
байгаагийн гол шалтгаан нь газар зүйн ялгаатай бүсүүдэд байрлан ажиллаж буй
олон төрлийн ялгаатай санхүүгийн бизнесүүдээс орж ирж буй орлогууд гэж
тайлбарлана билээ. Өөрөөр хэлбэл бүх өндгөө нэг сагсанд хийдэггүй гэсэн үг.
Санхүүгийн хямрал нүүрлэж байсан жилүүдэд жилийн орлого нь 22 тэрбум
доллараар хэмжигдэж байснаас гадна хамгийн их мөнгө хийдэг бүс нутаг нь хойд
америк байсаар л байгаа юм билээ. Ази тив дунджаар компанийн ашигт ажиллагааны 10%-д хувь нэмэр
оруулдаг байсан бол өдгөө 20% болоод байгаа бөгөөд жил ирэх тусам өссөөр байгаа юм. Гол шалтгаан нь
Хятад ба Энэтхэг улсууд. Ер нь Goldman
Sachs ч гэлтгүй дэлхийн бүхий хөрөнгө
оруулалтын банкууд Ази тив дээр хамаг хүчээ хаяад эхэлж буй юм билээ. Гэхдээ
одоог хүртэл Азиас илүү Ойрхи Дорнодын улсууд хойд Америкийн дараа Goldman Sachs-ийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж байна. Ази тивд мөнгө хийж буй гол
бизнесийн чиглэл нь Equity investment ба asset management гэж дурдана билээ. Японы хувьд хөрөнгө оруулалтын бизнес өсөх найдваргүй
байгаа бөгөөд үүнийг оронд M&A илүү ирээдүйтэй байгааг хэлнэ билээ. Тиймээс Япон улс Азийн улсууд руу
бизнесээ өргөтгөн эрчтэйгээр ажиллаж эхэлж байгаагийн нэг жишээ нь Номура групп
нөгөө ертөнцөд одсон Lehman Brothers-ийн Ази дахь салбаруудыг өөрийн болгосон явдал юм.
Goldman Sachs-ийн гүйцэтгэх захирал мань эртэй уулзахдаа бид хүний нөөцөө зөв
хуваарилж ажилладаг болохоор саяны хямралыг тэсч гарлаа гэж хэлсэн гэдэг.
Өөрөөр хэлбэл зөвхөн front office буюу борлуулалт, худалдааны багаас гадна back office буюу эрсдэл,
мэдээллийн технологи, санхүү бүртгэлийн ажилтануудынхаа мэдлэгийг “чулуу”
болгож чадсан явдал гэнэм. Өөрийнх нь хэлснийг шууд буулгавал let their knowledge become corporate intelligence гэж. Багийн ажил хамгаас чухал гэдгийг хэд ч давтаж хэлэв дээ чухам.
Асуулт хариултын цаг болоход би өөрийн урьдчилж цахим шуудангаар явуулсан нэг
асуулт дээрээ нэмэн дараах хоёр асуултыг асуусан юм.
- Олон жилийн туршлагатай хөрөнгө оруулалтын банкирын хувьд санхүүгийн зах зээл дээрх хөрөнгийн ба мөнгөний захын “зохистой” харьцаа ямар байж болох вэ? Жич: Монголд бол энэ бараг 97% ба 3% буй.
- Арилжааны банкууд санхүүгийн зах зээлийг атгаж буй зах зээл дээр хөрөнгө оруулалтын банкууд хэрхэн өрсөлдөөний тактикаа зохиож тухайн зах зээлд нэвтэрдэг вэ?
Эхний асуултыг маань “A
million dollar question” гээд хариулж
чадахгүйгээ шууд хэлсэн юм. Харин хоёр дахь асуултын хувьд аливаа улсын хувьд
арилжааны банкууд нийгэм дэх санхүүгийн дэд бүтэц буюу Social Infrastructure үүргийг (харилцах,
хадгаламж, төлбөрийн карт, хэрэглээний зээл, гуйвуулга гэх мэт) голчлон
гүйцэтгэдэг бөгөөд харин хөрөнгө оруулалтын банкууд, биржүүд аливаа бизнесийн
өсөлт, өргөжин тэлэлт буюу Growth, Expansion-ийг (IPO ба хувьцааны арилжаа) голлон дэмжин ажилладаг гэж хэлсэн нь голыг нь оноод хэлсэн санагдав. АНУ-ын
хөгжлийн гол хөдөлгүүр нь хөрөнгийн зах зээл гэж үздэг юм билээ. Томоохон
компаниудын арай дөнгүүр төслүүдийг нь санхүүжүүлэх чадваргүй арилжааны банкууд
бүхий Монгол улсын хувьд (нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ нь тухайн банкны өөрийн
хөрөнгөөс шууд хамаардаг тул) чухам арилжааны банкууд нь бизнесийг дэмжигч биш “хязгаарлагч” болон
хувираад удаж буй. Дээр дооргүй энэхүү асуудлыг одооноос нухацтай хэлэлцэн
хөрөнгийн захыг хөгжүүлэх нилээд ажлууд Монголд хийгдэж эхэлж буй янзтай байх
шиг байна лээ. Энэхүү ажлын үр дүнг нь хурдан үзэх нь Монголчууд бидний хувьд
чухал ч хамгийн харамсалтай нь Монголын компаниуд ба бизнес эрхлэгч нарын хувьд
давхар баланс, хуурамч тайлан гаргахаа болисон цагт л хөрөнгийн биржийн үйл
ажиллагаа жинхэнэ утгаараа хөгжинө гэдгийг ойлгож буй болон ойлгохыг хүсэж буй
хүн цөөхөн мэт мэдрэгдээд байгаа.
Мань эрийн хэлсэн дараагийн чухал зүйл нь ирэх 10 жил хөрөнгө оруулалтын
банкуудын эрин болно гэж тун итгэлтэй хэлнэ билээ. Гэхдээ компаниудын нээлттэй
байдал, мэдээллийн үнэн зөв эсэх, тухайн улсын нягтлан бодох бүртгэл болон
хууль зүйн системээс шалтгаалж аль улс энэхүү зах зээлээс өгөөж хүртэх нь
шийдэгдэх бөлгөө. Goldman Sachs нь дотроо арилжааны банкны бизнесийн салбартайгаас гадна хөрөнгө
оруулалтын банкныхаа хувьд хоногийн 24 цагийн турш арилжаа хийх зорилгоор дэлхийн бараг
бүхий л голлох цагийн бүсүүдэд салбараа аль хэдийн нээн ажиллуулж буйгаа хэлж
байв.
Үүний дараа Goldman Sachs-д ажилладаг манай сургуулийг төгссөн 3 залуутай товч
уулзсан бөгөөд нэг бүсгүй нь ороод 3 хүрэхгүй жилийн дотор VP хэмээх албан
тушаалд очсон байсан нь үнэн бахархмаар байв. Тэдний хэлж буйгаар ихэнх байгууллагад
ажилтнуудын мэдлэг, ур чадварын хувьд ямар нэг хэмжээгээр ялгаа мэдрэгддэг бол Goldman Sachs-ийн хувьд бүх ажилчид нь жигд маш өндөр ур чадвартай гэж хэлж байв. Хувийн
тоглолт Goldman Sachs-ийн хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд бүх зүйл багийн хүрээнд
хийгдэж ажил явдаг гээд л тэд бас онцлоод байна билээ.
Хоёр дахь уулзалт нь Capital
Services Group-тэй уулзах байсан боловч би бээр өөр хүнтэй
уулзахаар нилээд хэдэн хоногийн өмнө тохирсон байсан тул оролцож чадаагүйдээ
одоог хүртэл харамсаад л сууна. Энэхүү хоёр байгууллагын үүдэнд болон орой нь
Мицүбиши компанийн төв байраар дайран гарахад бараг арван алхам бүрийн зайтай
хамгаалагч нар байнга зогсож байхыг гэнэт анзаарсан юм. Бэлэн мөнгө хадгалдаггүй
газар юунаасаа болж ингэж айхтар айж өндөр зэрэглэлийн хамгаалалт гаргаж,
санхүүгийн хямрал бүрэн намжаагүй үед ингэж “зардал мөнгөөр туйлж” буйг ерөөсөө
ойлгоогүй. Зураг ч авахыг тас хориглож байна лээ. Дараа өдрийн сонирхолтой
уулзалтын талаар хэд хоногоос блог дээрээ оруулъя.
1 comment:
sonirxoltoi uguulel baina. bayarlalaa.
Post a Comment