Views
Япон Загвар
Хичээлийн маань сүүлийн улирал өнөөдрөөс эхэлж байна. Одоо ч юу байх вэ.
Хаврын семестерийн 10 долоо хоног, диплом бичих 2 сар харвасан сум шиг өнгөрөөд намар Монголдоо аль
нэг газар ажиллах гээд “контоор” метрлээд гүйж байх биз ээ. Болж өгвөл энэ
семестерийн сүүлийн шалгалттай зэрэгцээд дипломоо урьдчилж бичээд дуусгачих
санаатай нухаад буй. Дипломын ажлын маань удирдагч багш болох профессор Жэй
өнгөрсөн долоо хоногт өөрийн бичсэн нэг өгүүллийг уншиж хэрэгтэй юм байвал
бичиж байгаа ажил дээрээ ашиглаарай гээд өгсөн юм. Уг нийтлэлийг мань эр 2009 оны 12 сард The Japan Model: Applied Elsewhere? нэртэйгээр Effective Executive сэтгүүлд
хэвлүүлж байжээ. Их сонирхолтой нийтлэл бөгөөд гол санааг нь бас бус мэдээллийн
хамтаар өөрийн бодолтой цуг хавсаргахыг оролдов.
Япон улсыг Азийн улсуудаас хамгийн түрүүнд аж үйлдвэржсэн орон буюу
өндөр хөгжилтэй улс болсон гэж үздэг. Түүгээр ч үл барам саяхан Хятад улсад
гүйцэгдэхээсээ өмнө буюу 1969 оноос хойш өдгөөг хүртэл дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий улсын
жагсаалтанд бичигдсээр байлаа. Энэхүү амжилтын гол үндэс нь Япон Загвар юм гэж
мань эр дүгнэжээ. Саяханы болж өнгөрдөг дэлхийн санхүүгийн хямрал нь товчхондоо
засгийн газрын оролцоо бизнест хэрэгтэй юм байна гэдгийг батлав гэж маргаж
байна. Өөрөөр хэлбэл Японы засгийн газар болон бизнесийн хамтарсан нэгдлийг Япон
Загвар гэх бөлгөө. Энэхүү хямралын тухай сэдвээр Токиогийн хөрөнгийн биржийн ерөнхийлөгч манай сургууль дээр иж ярилцлага хийж байсныг энд сийрүүлж байсныг энэхүү бичлэгтэй цуг уншвал их зүгээр санагдав. Япон улсын түүхээс авч үзвэл бизнесүүд нь хоорондоо маш их
холбогдсон, групп, консорциумын хэмжээнд төрийн оролцоо, дэмжлэгтэйгээр голцуу
явагддаг юм билээ. Чухам энэхүү загвар л Япон улсыг 15-хан жилийн
дотор буюу дайны дараа 1955-1970 оны хооронд дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий орон болгосон ажээ. Төрийн
хүнд суртал, удаан шийдвэр гаргалтын үйл ажиллагааг нь Америкууд шүүмжлэн заримдаа
Япон улсыг “Япон ХХК” гэж егөөдөн ярилцдаг байсан аж. Гэхдээ энэхүү систем нь
яг дайны дараа ч үүсчихээгүй, аль 1868 он буюу Мэйжигийн үед үндэс нь тавигдсан гэх юм
билээ. Тэр үед Япон улс барууны улсуудаас хөгжлөөрөө хол хоцорч буйгаа мэдэрч
эхэлсэн агаад тэдэнтэй зэрэгцэх, улмаар гүйцэж түрүүлэхийн тулд феодлын
нийгмээс капиталист нийгэм рүү шилжих ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Энэхүү
шийдвэрийг хэрэгжилтийг мэдээж засгийн газар гардан хэрэгжүүлж улмаар өнөөг
хүртэл бизнест нөлөө бүхий субъект нь байсаар л байна. Гэхдээ энэхүү засгийн
газрын оролцоо нь коммунист нийгмийнх шиг системээс шал өөр бүтэцтэй байсныг
болгооно буй заа. Гэсэн ч энэхүү эхний загвар нь удаан амьдраагүй агаад төрийн
оролцоо хэт их байснаас болж авилга, хээл хахууль, хүнд суртал, монопол
бизнесүүдээс болж амжилтгүй болсон юм. Японы улс төр ба бизнесийн холбооны талаар Японы нэгэн улс төрчтэй уулзсаны дараа энэхүү бичлэг дээрээ дэлгэрэнгүй бичиж байжээ.
Үүний дараа Японы засгийн газар төрийн өмчит үйлдвэрүүдээсээ илүү хувийн
хэвшлийнхэнийг бодлого, стратеги, мөнгөөр дэмжиж эхэлжээ. Ингэхдээ Япон улсын
хувьд стратегийн ач холбогдол бүхий бизнесүүдийг дэмжиж байжээ. Ялангуяа дайны
дараа Япон улс нөөц хуваарилах систем буюу Fund Allocation System-ийг нэвтрүүлсэн
бөгөөд энэ нь импортлогч нар бизнесээ хийхийн тулд гадаад валютын арилжаа хийх
тусгай зөвшөөрлийг Японы гадаад худалдааны яамнаас авах ёстой байдаг байжээ.
Үүгээрээ Япон улс улсынхаа валютын нөөц, гадаад худалдааны балансаа шууд
удирдан зохицуулдаг байсан аж. Энэхүү стратегийн амжилттай болсон нэг шалтгаан
нь Япончууд богино хугацааны ашгаас илүү урт хугацааны өгөөжийг харж, тэр
чиглэлийн бизнесүүдийг бүхий л эрсдлийг үл ойшоон тэтгэж ирсэнд оршоод байх шиг
байна. Японы ид сэргэн мандалтын үед буюу 1954-1968 оны үед эдийн засгийн өсөлт нь барууны орнуудынхаас
2-3 дахин өндөр өсөлттэй байсан нь гайхалтай.
Япон улсын бизнесийн түүх, санхүүгийн зах зээлийн он цагийн мөчлөгийг
сонирхон судлаваас Big Four Zaibatsu болон Big Six Keiretsu гэсэн нэр
томъёонуудтай нилээд тааралдах болно. Эдгээр нь төрөл бүрийн салбарт бизнесийн
үйл ажиллагаа явуулдаг компаниудын нэгдэл юм. Монголоор бол MCS, Newcom, Бодь групп гэх юм уу даа. Миний ойлгож, мэдрэснээр бол Мицүбиши корпораци
дайны өмнөөс эхлээд одоог хүртэл Японы хамгийн том бизнесийн бүлэглэл хэвээр
байсаар л байна. Барууны болон Монголын бизнесийн орчноос тэс ялгаатай зүйл нь
багийн ажил, насан туршдаа нэг компанид ажиллах нөхцөл, хувь хүний болон
компанийн нэр хүнд, хоорондын итгэл үнэмшил. Одоог хүртэл энэхүү Японы
бизнесийн онцлог оршсоор л байна.
Японы энэхүү загварын гол оролцогч нарыг тоймлон тайлбарлавал толгойд нь
мэдээж засгийн газар түүний боловсруулсан бодлого байх. Түүний дараагийн шатлал
нь гадаад худалдаа болон сангийн яамдууд байх агаад эдгээрийн стратеги, нөөц
хуваарилах систем, хэрэгжүүлэх механизмууд нь багтана. Нөгөө талаас бизнесийн
болон санхүүгийн группууд энэхүү харилцаанд нэгдэнэ. Бизнесийн группын түүчээ
нь улс орны хувьд стратегийн ач холбогдолтойд тооцогдох салбарууд байна. Энэ нь
Японы хувьд машин механизм, электроникс, инженерийн үйлдвэрлэл үйлчилгээ,
автомашин гэх мэт нь орж байв. Бизнесийн группын дараагийн шатлал нь жижиг,
дунд бизнес эрхлэгч нар. Бүр дараагийн шатлал нь жижиг, дунд бизнес эрхлэгч
нарын ажлыг аутсорсинг маягаар гүйцэтгэдэг хувь хүмүүс гэж хэлж болохоор байна.
Банкны группт төв банкаар тэргүүлүүлсэн хөгжлийн банк, үйлдвэрлэлийн банк, урт
хугацааны зээлжүүлэлтийн банк, жижиг бизнесийг санхүүжүүлэх банк гэх мэтчилэн
төрөлжсөн арилжаан банкууд байдаг юм байна. Гол ид шид нь ийнхүү бизнесийн
салбарууд, компаниуд, банкуудыг төрөлжүүлснээр нэг салбарт өрсөлдөх аюулыг
багасгаснаас гадна олон хүн баялагаас хувь хүртэх боломжийг олгож байгаад
байгаа юм. Жишээ нь, үндэсний хэмжээний том компаниуд нь жижиг, дунд
бизнесүүдтэй гэрээ хийх ба эдгээр жижиг, дунд компаниуд нь хувь хүмүүстэй
аутсорсинг гэрээ хийж ажлаа хийлгүүлнэ. Ингэснээр нийгмийн үе шат болгонд нэмүү
өртөг бүтээгдэх агаад том компаниуд нь гэсэн аутсорсинг хийж эдгээр хөдөлмөрийн
хүчийг ашигласнаар үйлдвэрлэлийн зардлаа 50-60% хэмнэж чадсан гэгдэх юм билээ. Технологи дээр ач
холбогдол өгч хөгжүүлсний хүчинд Япон улс ДНБ-ээ 1965-1980 оны
хооронд 10 дахин өсгөж 1 триллион ам.долларт хүргэж байжээ. Дээр дурдсан Японы
засгийн газрын дэмжиж байсан стратегийн ач холбогдол бүхий салбаруудад ажиллаж
байсан компаниуд нь өдгөө Япон улсын үндэстэн дамнасан том корпорациуд болон
хэрхэн ажиллаж буйг та бидэн харж буй.
Энэхүү амжилтын суурь нь дээр дурдсан Японы улсын бизнесийн онцлог болох
багийн ажил, бие биенээ дэмжсэн хоорондын бизнес сүлжээ, соёлтой зайлшгүй
холбоотой. Монголд бол аль болох хүнд хэлэхгүй байж байгаад өөрөө ганцаараа
идчих гээд зүтгээд байдаг. Түүнээс гадна ямар ч хувийн бодлого, чиглэлгүй
бусдыг дууриан хамаг мөнгөө шавхан барин Lexus-ийн он залуу жийп авчихаад бензинийн мөнгөө
дийлэхгүй микродоод явж буй залуусын жишээг саяхан сонсож байлаа. Урт хугацааны
ашиг буюу том зургаа харалгүй богино хугацааны хүлээсэнд хүлүүлсэн бидний нэг
хэвшмэл зангийн илрэл юм уу даа. Хаммер авах гэдгийг амьдралын зорилгоо
болгосон хүмүүс ч Монголд бишгүй бий. Үнэхээр хувь хүний амьдралын эцсийн том
зорилго нь тэр машиныг бусдад гайхуулахын тулд авах юм гэж үү дээ? Иймэрхүү
сэтгэлгээнээс салаагүй цагт бид бултаараа улс орны хөгжил гээд ярих гээд үзвэл
хир баргийн яриа хоорондоо таарахгүй л болов уу. Тэгвэл Монгол Загвар нь юу
байж болох вэ?
Нэгэн сонирхолтой зүйл нь Японы энэхүү хөгжлийн туршлагыг бидний азийн
бар гэгдэх улсууд хуулбарлан авч ашигласан гэж үздэг юм байна. Хамгийн анх
Тайвань улс үүнийг хэрэгжүүлж цагтаа дэлхийн компьютерийн motherboard-ийн зах зээлийн бараг 90%-ийг дангаараа гартаа атгаж байсан байх. Хэдий тийм боловч Тайвань улс
Сони, Тоёота шиг үндэстэн дамнасан өөрийн үндэсний компани байгуулж хараахан
чадаагүй гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг юм байна. Үүнийг ухвар шалтгааныг нь цаашид
мөшгин судлавал Монголд их хэрэгтэй юм шиг санагдаад буй. Тайвань улсын
үсрэнгүй хөгжлийн шалтгаан нь Японы том компануид Тайвань улсад салбараа нээж,
үйлдвэрлэлийн баазаа болгосон явдал гэж үздэг. Шувуун цуваанд Японы дараа нисч
байсан Тайвань улсын аз нь байсан гэсэн үг.
Японы хурдацтай хөгжлийн бас нэгэн түлхүүр нь барууны орнуудад хөгжиж
бэлэн болтлоо хэдэн зуун жил шаардагдсан технологийг шууд хуулбарласан явдал
гэж ярих юм билээ. Үүнийгээ “late
comer advantage” хэмээн томъёолох. Азийн бар улсууд, Ялангуяа
Солонгосчууд Японоос энэхүү аргыг нь хуулбарлан амжилттай хэрэглэснээр өдгөө
технологийн салбарт Япон улсын хамгийн том өрсөлдөгч нь болчихоод байна. Япон
мэргэжилтэнгүүд хагас, бүтэн сайнд нууцаар Солонгос нисч тэнд ажиллаад буцаж
ирдэг байсан тухай зөндөө мэдээлэл байдаг юм билээ. Хамгийн сонирхолтой
судалгааны хэсэг нь Хятад улсын тухай байв. Хятад ба Япон, Солонгосын хөгжлийн
ялгаа болон хоцрогдлыг нь Хятад улсын хувьд аутсорсинг хийж захиалга өгдөг
компаниуд нь үндэсний компаниуд нь биш талаас илүү хувь нь гадаадын компаниуд
байгаад оршино гэж профессор дүгнэсэн байв.
Дээр сургуулийн нэг теле хуралд оролцсон юм. Тэр үед анх удаагаа “Flying Geese” загварын тухай сонсож байснаас энэхүү бичлэг дээрээ буулгасан буй. Энэхүү
загвар ёсоор бол зэллэн нисч буй шувуун цувааны түүчээ нь Япон улс бөгөөд шувуун
цувааны хоёрдугаар эрэмбийн улсууд нь бидний ярих дуртай азийн барууд буюу
Солонгос, Тайвань, Сингапур, Хонг Конг. Харин гуравдугаар эрэмбийн улсууд нь
АСЕАН-ийн тэргүүлэгч улсууд болох Филиппин, Индонези, Тайланд, Малайз улсууд
байх бол дөрөвдүгээр эрэмбэ буюу шувуун цувааны бөгс орчим хамгаалалт болж
явдаг улсууд нь Хятад, Вьетнам зэрэг бүс нутагтаа хөгжлөөрөө сүүл мушгиж буй
улсууд багтана. Энэхүү загварчлалыг профессор Акамацу аль 1962 онд гаргаж
байсан боловч өдийг хүртэл улс орнуудын эрэмбэ дараалал нэг их өөрчлөгдөөгүй
болов уу гэж бодож байна. Гэхдээ Хятад улсыг эс тооцвол. Шувуун цувааны эрэмбэ
буурах тусам “late comer advantage”-ийг ашиг тус өсөх боловч эргээд цаг хугацааны үнэ цэнэтэй харьцуулах
үед тэрхүү давуу тал нь сул тал болох бүрэн боломжтой юм. Өдгөө шувуун цуваан
дунд хамгийн хүчирхэг гишүүн нь яах аргагүй Хятад улс болж, өдөр ирэх тусах
цуваан дахь эрэмбээ бага багаар ахиулж баймой. Хэдий Хятад улс дотоодын асар
том зах зээл дээрээ тулгуурлан хүчээ авч буй боловч экспорт дээр дулдуйдсан
эдийн засаг дээр маш их анхаарал тавьж байна. Үүний ганц жишээ нь Африк тив руу
хийгдэж буй Хятад улсын экспортын жилийн өсөлт 12 орчим хувь буюу
жил бүр дунджаар 20%-р өсөж байхад дэлхийн бусад улсуудын Африк тивтэй хийж буй экспортын
худалдааны өсөлт 1998 оноос хойш дунджаар жилийн 2%-ийн өсөлттөй, бараг ямар ч өөрчлөлтгүй байна.
Товчхондоо профессор өөрийн нийтлэлээ дүгнэн хэлэхдээ азийн улсуудын
хөгжилд хоёр зүйл нь маш их нөлөөтэй байсаар л байна. Энэ нь засгийн газрын
оролцоо ба технологи нутагшуулах хурд хоёр гэж. Тухайн улсууд энэхүү хоёр
асуудал дээр хир хурдан шийдэр гаргаж, орцыг нь хир тааруулахаас улс орны
хөгжлийн асуудал хамаарах болой гэжээ. Үүн дээр нь нэмээд хэлэхэд хувь хүний
хөгжил, ёс суртахуун, үнэлэмжийн асуудал Монгол шиг хөгжиж буй орнуудад маш
чухалд тооцогдох байх гэж бодох юм. Яг үнэндээ өнөөдөр бол технологи асуудал
биш байхаа болиод удаж байна. Харин өдөр ирэх тусам хүн өөрөө л бүх болох
болохгүй юмны үндэс нь болон хатингаршсаар байх шиг.
7 comments:
Таны блогыг follow хийсэн. Гоё post байна. Их чухал, сонирхолтой сэдэв байна
Ene bichlegiig unshaad tand neg file yavuulmaar sangdlaa. Minii sayhan taniltssan neg erhem tanai umnuh yerinhiilegchud taniltsuulj baisan geed neg ppt file ugsun yum. Yaponii sanhuugiin hurungu oruulalt bolon zeellegiin hutulbur tuuniig herhen mongoliin nuhtsuld ashiglah gesen mongol hel deerh file.
Ter erhem nileed olon jil yaponii tuslamjtai heregjij bui tusluuded zuvluhuur ajillaj bgaa yum bn lee. Hamgiin haramsaltai ni tanaid ajil yavuulahad hentei uulzah yostoi yum be, hunii itgel daah ch hun alga gej ireed ih l buhimdangui nuguu "Tarhinii turaal"-iin tsuurai sonsogdoj bn uu gemeer ijil zuil yarisan.
Монгол загвар: Бие биенийхээ бизнесийг булаах, Том загас нь жижигээ идэх гээд амьдралын, байгалийн болхи хуулиар зохицуулагдаж байгаа нь өрөвдөлтэй ч юм шиг. Өөрлөе гээд босоод ирэхээр ахиад нэг 07-01 болчих вий дээ. Бусдаар бол чадалтай залуус олон л байгаа...
bi tanii bichsen barag bugdiig n unshlaa nadad taalagdahaar barah uu minii amidraliig mash iheer oorcilloo bi urd ni negen heviin gunigtai l bdag blaa getel odoo mash iheer setgel dogdolj ireeduidee itgeltei bolson
bi odoo buh zuiliig husej bna
Itgel daah hunii neg ni ta bid baih yostoi shuu. Zarimdaa ch uneheer emgeneltei sanagdahiimaa. Gehdee emgeneletei baina geed hoish suuhguie. Uuriin zugees chadah buhniig hiih bolno. Tiimdee ch uuruusuu ehleheer shamdan suuna. Iim saihan zaluus mongold mini olon baival hugjil enuuhendl sanagdjiina. Bugded ni amjilt! Yaponoos
chinii mongoliin tuhai hunduj bui asuudluud bugd unuugiin dur zurag tulgamdsan asuudluud yah aragagui mun. bid yu bolohgui butehgui baigaag medehiin deedeer medej baina tasraltgui yarij bichij baina. harin odoo yaj shiidverleh shiidel l heregtei baina. shiidel olj shiidetsgeeyeee gej urialmaar bna.
Post a Comment