Saturday 15 May 2010

Aim high, fly high

Views

Эзэн хичээвэл заяа хичээнэ

Нилээд хэдэн сарын өмнө Kuniaki Watanabe хэмээх эрхэм сургууль дээр ирж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. GE-ийн босс Jack Welch-тэй хамт ажиллаж GE Industrial Automation President хийж байсан япон эр байв. GE-ийн бараг хамгийн анхны Япон бөгөөд залуу захирал болж уг компанийн түүхэнд бичигдсэн гэж буй. Нэг өдөр мань эрийг Jack Welch хувийн онгоцоо АНУ-с явуулж урьж дуудаад ажлаас халсан гэдэг. Буцаж ирэхдээ энгийн онгоцоор ирсэн гээд урьж авч ирсэн профессор маань нуг нуг инээж аминчлан хэлж билээ. Харьцангуй баруунжсан япон байх бөгөөд жирийн япон иргэдийг бодвол богино хугацаанд олон ажил сольж байсан байх. Түүнийгээ тайлбарлахдаа Токиогийн метроны буудалд ажлын оргил ачааллын цагийн үеэр масс зорчигчид бүгд алхам алхамаар урагшлах бөгөөд тэр дунд хичнээн яарч байгаа хүн яаж ч хурдан явъя гэсэн ямар ч боломж байхгүй. Түүнтэй адил Японы бизнесийн орчин, шийдвэр гаргалт удаан тул ажлаа ойр ойрхон сольж байлаа гэж байв. Мань эрд Jack Welch дараах хэдэн зүйлсийг манлайлагч хүнд байх зайлшгүй чанарууд гэж зөвлөсөн юм билээ. Гэхдээ анх ажилд авахдаа хэлсэн үү, ажлаас халахдаа хэлсэн үү бүү мэд.
  • Одоо байгаа бодит байдалтайгаа эвлэрч, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч сур. Тийм байсан бол ч, эсвэл тийм байгаасай гээд мөрөөдөөд суух нь зохимжгүй.
  • Бүх хүнтэй шударга бөгөөд илэн далангүй бай.
  • Асуудлыг зохицуулах гэж бүү оролд. Харин өөрөө манлайлан асуудлыг шийд.
  • Заавал хүнээр хэлүүлж, шаардуулахгүйгээр хийх ёстой зүйлсээ хийж сур.
  • Хэрвээ өөрт чинь бусадтай өрсөлдөх давуу тал, өрсөлдөх чадвар байхгүй бол битгий өрсөлд.
  • Өөрийнхөө хувь заяаны цулбуураа гартаа атга. Үгүй бол хэн нэгэн цулбуурыг чинь барин дуртай зүг рүүгээ залах болно.
Лидер буюу манлайлагч, тэргүүлэгч байхыг хүн болгон хүсдэг. Бусдыг манлайлахын тулд эхлээд ердөө өөрөө өөртөө л үнэнч байхад хангалттай юм шиг байгаа юм. Сонин харж байхад их, дээд сургуулийн хуурамч дипломтой хүмүүсийн тухай нилээд бичжээ. Өөрөөр хэлбэл бусадтай өрсөлдөх давуу талаа хуурамчаар олж авсан гэсэн үг. Яахав дээ ганц нэг хичээл дээр эх орны алтан гурав аваа л биз, гол нь толгойдоо юу үлдээж чадсан нь л чухал биз дээ. Нилээд хэдхэн жилийн өмнө хуучин ажлын газар дээр Боловсролын Яамнаас дипломын шалгалт ирж байсан юмдаг. Ажилд авах ярилцлага дээр ийм ч их сургууль, тэгж ингэж төгссөн гээд ярьж байсан залуус үзүүлэх юмгүй бүлтэгнээд зогсож байсан сан. Огт дипломгүй байсан уу, хуурамч байгаад баригдсан уу бүү мэд. Өрөвдөлтэй гэхээсээ илүү ямар ч хийморь лундаагүй л харагддаг юм билээ. Японд болон бусад барууны оронд байсан бол тэдгээр хүмүүс тухайн орчиндоо нэр хүндээ хуга алдаж нийгмийн ямар ч үнэлэмжгүй болох тул өөр хот тосгон рүү нүүх, гадаадад цагаачлах, амиа хорлох гэсэн 3 сонголттой л байх байсан байх. Улаанбаатарт авто машины осол өдөр алгасалгүй гарч, нижгээд хүний амийг авч одож байна. Эдгээр осол гаргасан жолооч нарын яг хэдэн хувь нь жолооны үнэмлэхээ ном дүрмээр нь авсныг судлах юмсан. Хамаатны хүнийг нь хуурамч үнэмлэхтэй хүн машинаараа дайрч гэмтээсэн нөхцөлд л хуурамч жолооны үнэмлэх гаргаж өгсөн хүн нь хийж буй зүй бус үйлдлийнхээ гэмийг ойлгох биз ээ.

Хэлэх гэсэн санаа минь ямар ч хүнд амьдралын жанжин шугам, зорилго байгаагүй цагт тодорхой амжилтанд хүрэхэд хэцүү л юм шиг байгаа юм. Ухаан нь анх чийдэн зохион бүтээсэн Эдисон гуай хэдэн удаагийн туршилтын дараа анхны чийдэнгээ өлгийдэж авсан гэж бодно. Түүний 10,000 амжилтгүй туршилтын дараа хүн төрөлхтөн бид өдгөө өрөөндөө чийдэн хэрэглэж байна. Мань эр зорилгогүй, ажилдаа дургүй байсан бол 10 удаагийн амжилтгүй оролдлогын дараа уг туршилтаа хаях байсан биз ээ. Өөрөө өөртөө л үнэнч байж чадсан хэрэг. Дээрх бүх жишээ, мэдээллүүд нь манлайлагч хүмүүсийн дийлэнх нь гаднаасаа биш дотроосоо “гялгар” байдаг бололтой юм шүү гээд хэлээд байх шиг байна. NASA анхны сансрын хөлгөө задгай сансарт хөөргөсний дараа нэг том асуудалтай тулгарсан гэдэг. Тэр нь сансрын нисэгч нарын авч явсан бал нь задгай сансарт гарахгүй байжээ. Сансрын бал зохион бүтээхийн тулд NASA хэдэн арван сая ам.доллар зарцуулж судалгаа, туршилт хийсэн боловч амжилт олоогүй гэдэг. Аргаа бараад Америкууд Оросуудаас асуутал Оросууд ямар ч проблем байдаггүй, бид сансарт бал биш харандаа хэрэглэдэг гэсэн гэдэг. Ухаан нь бэлэн байгаа боломжит сонголтуудыг үл огоорвол ямархуу байдлаар цаг хугацаа болон зардал мөнгөөр шатаж болохын сонгодог жишээ. Манлайлагч нь бусдаасаа цойлон гарахын тулд эхлээд бусдын хийж бүтээснийг судлан, үнэлж сурах хэрэгтэй гэсэн санаатай сүүлийн жишээг холбож болохоор санагдав. Өөрөөр хэлбэл далавчтай болгон нисдэггүй гэдэг шиг. Янз бүрийн ном хэвлэл үзэж байхад энэхүү сэдвийг хоёр зүйлээр ерөнхийдөө багцалж хэлээд байх шиг. Нэг дэх нь зөв зүйл хийх. Хоёр дахь тухайн юмыг зөв хийх. Do the right thing the right way! Энэхүү зүйлийг бид амьдралынхаа стандарт буюу үнэ цэнэ болгож чадаагүй цагт лидер энэ тэр болох нь юу л бол. 

4 comments:

Ганзориг said...

Гоё нийтлэл болсон байна. Хэхэ, тэр жанжин шугамыг гоё хэлжээ. Үнэхээр цаанаасаа гэрэлтээд
,энерги цацруулаад байдаг эрч хүч дүүрэн мундаг улс байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүс л шинийг бүтээж, бусдыг уриалан дуудаж, шинийг нээж байдаг. Зөв зүйл хийх, юмыг зөв хийх буюу effective, efficient
хоёрын ялгаан дээр гэхэд 2уулаа чухал л байх л даа. Гэхдээ юуны түрүүнд зөв зүйлийг хийх нь их чухал юм шиг
надад санагддагийн. Хүн үнэхээр өөрийгөө зориулж чадахаар замаа, таны хэлдэгээр жанжин шугамаа
сонгож чадвал үр бүтээлтэй байхад нэх асуудал биш байх гэж бодож байна.

Frank said...

Жанжин шугамаа хэрхэн сонгохоос хамаарч зорих зам нь дурайх юм болов уу? Харьцуулалтууд гайхалтай байлаа.

buree said...

Minii bodloor hun uuryn hiij baigaa zuildee unench baih n' hamgyn chuhal. Ter n' tsaad utgaaraa chi uuruu huseed hiij baigaa gej oilgoj baina. Harin mash olon hun gen-ee uldeeh zorilgotoi am'dirch baina gej bi oilgodog. Ter n' am'tany garal uuseltei baih. Harin hun uuryguu oyun uhaantai am'tanaas deeguur gej oilgodog. harin uuruu medehgui am'tany jamaar l am'dardag. harin aztai heseg humuus uursdyn hiih sonirholtoi zuilee hiigeed am'darch chaddag, tiim humuusyn dundaas iim leader/manlailagch nar gardag baih daa. Gehdee ene bol zuvkhun minii bodol. Bas zuv zuilyg bish medehgui zuilyg meddeg boloh sonirhol baigaa tsagt 10000- bolon tuunees deesh hiih l baih... sonirhol baival... Harin bid am'd uldehee boddog doo.

Anonymous said...

Авсан жишээнүүд их таалагдлаа. Баярлалаа.