Wednesday 16 June 2010

Corporate governance

Views

Компанийн засаглал

Бүх шалгалтаа дуусгаж нэг том ажил ардаа орхив. Дипломын ажлаа аль болох эртхэн дуусгах санаатай сууж буй. Аль өнгөрсөн оны намар хөрөнгийн зах зээлийн талаар сэдэв сонгон авч энд тэндийн ном, сонин уншиж байгаад биржийн дэд бүтэц, компанийн засаглал, болон ард иргэдийн боловсрол хөрөнгийн зах зээлийн тулгын гурван чулуу юм уу гэж бодон тэрийгээ Монголын жишээн дээр батлахаар нухаад байгаа. Эдгээр гурван асуудлыг ач холбогдлоор нь шууд эрэмблэхэд тун ярвигтай боловч хамгийн их жин дарах чухал асуудал нь компанийн засаглал юм уу гэж бодох болов. Учир болвоос компанийн засаглалыг тухайн компанийн менежер буюу удирдлага, нийт ажилчдын “чанар, хүн чанар, мөн чанар” гэж хэлэх бүрэн үндэс байна.

Жаахан энгийн жишээ авсугай. Ухаан нь сайхан бүсгүй эсвэл сайхан залуу хармагцаа шууд гэрлэх санал тавьдаг эр эсвэл бүсгүй ховор байх. Эсрэгээрээ ганц уулзалтын дараа тэрхүү хэлсэн саналыг нь сонсоод л шууд нөхөрт гардаг бүсгүй эсвэл эхнэрт гардаг “бүстэй” хүн ч ховор байх. Адаглаад л тухайн санал тавьсан хүнийхээ ааш авир, мэдлэг боловсрол, үүн дотроос хамгийн чухал нь амьдралын ханиа болгон насны бөгст аяга цай хуваан суухын тулд тэрхүү этгээдийн “хүн чанар”-ыг нилээд хардаг байх. Хүнээр бол компанийн засаглал нь энэхүү хүн чанар юм гэж би томъёолох гээд байна. Гэвч хүн чанартай болж харагдахын тулд хайртай хүнийхээ өмнө гудамжинд гуйлга гуйн сууж буй хүүхдэд хэдэн задгай мөнгө өгснөө ганцаараа гэртээ буцах замдаа орцны жижүүрийнхээ бяцхан хүүхдийг нүүр нүдгүй загнаж хөөж цэрвэж байгаа нь яавч хүн чанарын хэлтэрхий биш юм. Үүнтэй адил Монголын маань компаниудын дийлэнх нь сайн, сайхан болж бусдад харагдахын тулд нүүрэн дээрээ нүүр зурсан (хэт их будсан гэж ойлгоно уу) хүүхэн шиг л аяглах бөлгөө. Иймээс компанийн нийгмийн хариуцлага гэдэг нэрийн доор хийж буй ажлуудаас уг компаниудын мөн чанарыг олж харж, ойлгоход нилээд хэцүү, заримдаа бараг боломжгүй. Учир нь ихэнх компаниудын эдгээр хийж байгаа ажлуудын зорилго нь богино хугацааны ашиг сонирхол дээр суурилсанаас гадна Agency Problemбуюу компанийн хувь нийлүүлэгч, жинхэнэ эзэд болон компанийн гүйцэтгэх удирдлага, шийдвэр гарган ажилладаг менежерүүдийн хоорондын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй байж болохоор. Ямар сайндаа компанийн үйл ажиллагаа, үнэ цэнэтэй ямар ч холбоогүйгээр барам гүйцэтгэх удирдлагын нэгнийх нь найз болохоор гэдэг шалтгаанаар компаниудын маркетингийн газар нилээд их мөнгийг өөрийн компанидаа ямар ч үнэ цэнэгүй зарцуулдаг. Энэхүү шахааг хийж буй хүн өөрөө уг компанид хувьцаа эзэмшдэг, ашгаас нь хуваалцдаг байсан бол иймэрхүү үйлдэл гаргах нь арай л багасах магадлалтай. Энэ их үргүй зардал гаргасан мөнгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг хэлбэрээр тараасан бол хувь нийлүүлэгч нарт ямархуу үнэ цэнэ авчрах байсан бол оо? Үүнийг л Agency Problem гээд байх шиг байгаа юм. Одоог хүртэл дэлхийн том компаниуд энэхүү асуудлыг бүрэн шийдэх шийдлийг олоогүй л буй бололтой юм билээ. Энэхүү сэдвээр Монголд судалгааны ажил хийвэл онц сонирхолтой үр дүн гарах бий вий. Дээр хүнээр авсан жишээгээр бол найз бүсгүй эсвэл найз залуугаа мөнгө, ашиг сонирхолын төлөө өөр хүнд “түр хэрэглүүлж” буйтай агаар нэгэн бөлгөө. Ийм хүнтэй гэрлэх шийдвэр гаргах болон ийм компанийн хувьцааг худалдан авах шийдвэр гаргах асуудлууд нь үндсэндээ шийдвэр гаргагч, хөрөнгө оруулагчийн хувьд “чанар” гэдэг нэг л асуудал дээр зангидагдах байх. Өөрөөр хэлбэл тухайн менежерийн чанар тухайн компанийн үнэ цэнийг шууд тодорхойлох нь ээ.  

Тааруу, муу компанийн засаглалтай буюу дээр хэлсэн зөрчил ихтэй газруудад өндөр чадвартай боловсон хүчин, топ менежерүүд тогтдоггүй “хуультай” юм билээ. Үүнийг маш олон жишээгээр батлах боломжтой. Гэтэл зарим хүмүүс тогтохоор барах уу бүр “амжилттай” ажиллаад байгаа жишээнүүд ч энд тэнд хангалттай байдаг. Үүнийг зарим судлаачдын хэлдэг “Management Entrenchment” гэсэн томъёололтой холбож болохоор байгаа юм. Ухаан нь өөртэйгээ адилхан “чанаргүй” хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэн бүх шийдвэр гаргах эрх мэдлийг өөр дээрээ авч, мэдээллийн хэт төвлөрөлийг тэрхүү этгээд ганцхан өөр дээрээ үүсгэх нь байна. Даллахад нь ил гарч, далайхад нь далд орж байдаг хэдэн утсан хүүхэлдэй нартайгаас гадна бүх мэдээллийг ганцаараа атгасан байдаг болохоор хувь нийлүүлэгч, компанийн захирлуудын зөвлөл ч тухайн этгээдийг заримдаа халах, солих боломжгүй байдаг аймшигтай жишээнүүд байна. Иймэрхүү хүмүүсийн “амжилттай” ажиллаж, албан тушаал дээрээ тогтож буй ганц шалтгаан нь бусад хэн нэгэн өөрийг нь орлож ажиллаж чадахгүй болтол бүх зүйлсийг өөр дээрээ авч ирж, мэдээллээ хуваалцахгүй явж чаддагт оршдог бололтой. Рекетчин гэсэн үг. Нөгөө талаас энэхүү “чанаргүй” хүмүүсийг дэмжиж байдаг хүчин зүйл нь та бид өөрсдөө гэж хэлж болохоор. Ухаан нь үнэхээр нэг компанийн хувьцааг авахаар судалж байгаа бол тухайн компанийн үндсэн бизнес, зах зээл, салбарын судалгааг хийлгүйгээр шууд өөрсдөөс нь өөрсдийн байдлыг нь асуух явдал. Өөрийн судалгаа дээрээ найдалгүй таньдаг хүнээ хайгаад давхидаг. Ихэнх хүмүүс тоо бодох дургүй байдаг тул аль болох бэлэн хоол идэх гээд дайрдаг. Харамсалтай нь бизнест үнэгүй бэлэн хоол байдаггүй билээ.        

Frontier Securities-ийн энэхүү тайланд дурдсанаар бол Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй байдаг 350 орчим компаниудаас ердөө 42 нь л санхүүгийн тайлангаа өнгөрсөн жил олон нийтэд дэлгэсэн бол нэг ч компани жилийн тайлан 2009 онд гаргаж хувь нийлүүлэгч нартаа мэдээлэл өгөөгүй байх юм. Ухаан нь нэг хүүхэнтэй суусан гэж үзвэл шинэхэн амраг нь хэдэн төгрөгний цалинтай байтугай хаана ажилладаг нь ч мэдэгдэхгүй, эцэг эх нь ч ямар хүн байдаг мэдэгдэхгүй, энэ талаар огт ам нээдэггүй “тийм нэгэн алаг нүдэн”-ээс ялгаа юун билээ. Түүнээс гадна энэхүү тайлан дээр 2009 оны сүүлийн байдлаар нөгөө бүртгэлтэй 350 компанийн 99 нь л Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлийн дүрмийн шаардлагыг хангаж байна гэж дурджээ. Шаардлага хангахгүй байгаа бол яагаад бирж дээр бүртгэлтэй хэвээр нь байлгаж, олон түмний мөнгийг “луйвардаад” байгааг нь огт ойлгохгүй байгаа. Эдгээр жишээнүүд нь компанийн засаглал ямар чухал сэдэв болохыг та бүхэнд ойлгуулах болов уу гэж найдаад дээрээс нь “хүч нэмэх” зорилгоор нэг хүүхэн, нэг залуугийн хийсвэр жишээг авсан болохыг болгооно уу.

Мэдээж ганц, хоёр хүн иймэрхүү увайгүй ажил хийж, бүхэл бүтэн компанийн үнэ цэнийг унагах нь тун хэцүү. Тиймээс муу засаглалтай холбоотой асуудлын цаана бараг бүхэл бүтэн мафи байдаг гэж хэлж болохоор юм билээ. Үүнтэй холбоотой Tunnelling гэсэн санхүүгийн нэг хэллэг байна. Товчхондоо компанийн удирдлага, гол менежерүүд компаниасаа хулгай хийх гэж хэлж болно. Магадгүй төр хамгийн муу менежер гэж ярьдаг нь үүнтэй ч холбоотой байж мэдэх юм. Энэхүү Tunnelling гэсэн ойлголт дотор хамгийн түгээмэл хэрэглэгддэг арга нь хэн нэгэн найз, эсвэл хамаатан нь шинэ компани байгуулж, тэрхүү компани нь давуу эрхээр анхны компанид бараа материал нийлүүлэх урт хугацааны эрхийг авдаг. Барааны төлбөрт төлөгдсөн мөнгө шинэхэн байгуулагдсан компанийн захирал болон мөнгө төлсөн компанийн захирал хоёрт тэнцүү хуваарилагдан очдог юм байх. Энэхүү схем нь ялангуяа Азийн орнуудад их өргөн дэлгэр хэрэглэгддэг бололтой. Монголд хүмүүс бараа шахах гэж ярьдагтай агаар нэгэн буюу. Дараагийн “сонирхолтой” хэлбэр нь пирамид загвар байх. Ухаан нь иргэн Дорж А компанийг үүсгэн байгуулж 51%-ийг эзэмших бөгөөд А компани нь В компани байгуулж мөн түүний 51%-ийг эзэмшинэ. В компани нь мөн С компани байгуулж 51%-ийг эзэмшинэ. Энэхүү гинжин хэлхээ цааш яван C компани дахин шинээр D компанийн үүсгэн байгуулж харин энэ удаа C нь D компанийн 50%-ийг л эзэмших болно. Харин энэ үед иргэн Дорж D компанийн 1%-ийг гартаа оруулна. Өөрөөр хэлбэл иргэн Дорж А, В, С, D гэсэн бүхий л компанийн хяналтын багцийг эзэмшиж байна гэсэн үг. Солонгосын Лотте групп үүний сонгодог жишээ гэж хэлж болно. Профессорын тусламжтайгаар уг компанийн нууцын зэрэглэлд орох бичиг баримтыг олж үзэхэд энэхүү групп компаниудын хоорондын харилцаа, бүтэц, үйл ажиллагаа нь үнэхээр толгой эргэм. Хэдэн арван том, хэдэн зуун жижиг компаниуд байх боловч бүгдийнх нь хяналтын багц ердөө нэг гэр бүлийн л эзэмшил байх бөлгөө. Иймэрхүү компанийн хувьцаа худалдаж авах нь тухайн гэр бүлд шууд мөнгө хандивлаж буйтай агаар нэг бус уу. Өөрөөр хэлбэл компанийн засаглал хэдий чинээ сайн байна төдий чинээ хямд эх үүсвэрээр санхүүжилт олох, хөрөнгө босгох боломжтой болох юм. Санаа сайн бол заяа сайн, Санаа муут яван хатна энэ тэр гэсэн бидний уламжлалт хэллэгүүд үнэндээ компаниудын хувьд засаглалын философи нь мэт.

Гэсэн хэдий ч амжилттай ажиллаж буй дэлхийн том компаниудын түүхийг ухан үзвэл ихэнх нь гэр бүлийн эзэмшлийн компаниуд байсаар л байна. Японы хувьд Тоёота болон Сони сонгодог жишээ. Тэгэхээр гэр бүлийн компаниудад давуу тал бас байна аа. Гол давуу тал нь дээр тайлбарласан Agency Problem байхгүй байх нь. Хүн өөрөөсөө хулгай хийхгүй нь шинжлэх ухаанд бараг батлагдсан тул. Дээрээс нь тухайн бизнесийг анх үүсгэн байгуулсан хүн нь ихэвчлэн маш хүчтэй лидер, шинийг санаачлагч, тухайн цаг үеэсээ тасарчихсан хүмүүс байх нь нийтлэг. Гэвч гэр бүлийн эзэмшлийн компаниудын сул тал гэсэн зүйс бас байна аа. Гол сул тал нь компанийн удирдлага, алсын хараа, үнэ цэнэ нь тухайн гэр бүлийн гишүүдийн хүрээнд л байна. Үсрээд л нэг азтай хүргэн хүү рүү шилжих байх. Гэтэл тухайн компанийг үүсгэн байгуулагч гэр бүлтэй ямар ч садан төрлийн холбоогүй мөртлөө тэднээс хамаагүй өндөр боловсролтой, өндөр чадвартай, алсын хараатай нэгэн байхыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Тэгээд ч үүсгэн байгуулч нас барсны дараа үр, ач нар нь компанийн хөрөнгийн булаацалдан, бизнесийг нь үгүй хийж буй олон жишээг та нар мэдэх байх. Өөрөөр хэлбэл үүсгэн байгуулагчаас хойш 2, 3-р үеэс эхлэн зарим компаниуд гадны хүнийг компанийн гүйцэтгэх урирдлагад урин томилон ажиллуулдаг ерөнхий хандлага байна. Үүний нэг жишээ нь Сони бөгөөд энэ талаар дэлгэрэнгүйг энд бичсэн буй. Гэхдээ л голлох шийдвэрүүдийг гэр бүлийн гишүүд л гаргана.

Дээрх нийтлэг асуудлуудаас болоод олон улсын бирж дээрх ихэнх Азийн улсуудын (Япон улсын эс тооцсон болно) компаниудыг барууны улсуудын ижил цар хүрээний компаниудтай харьцуулахад зах зээлийн үнэлгээ нь голцуу доогуур байдаг статистик байна. Шалтгаан нь засаглал ба мэдээллийн ил тод бус байдал. Өөр нэг сонирхолтой судалгаа байсан нь Азийн улсууд ихэвчлэн балансын дүнд анхаарлаа хандуулж нийт хөрөнгийн хэмжээгээрээ (total assets) уралддаг бол барууны фирмүүд өөрийн хөрөнгийн (owner’s equity) хэмжээгээрээ уралддаг болсон ажээ. Өөрөөр хэлбэл өр тавьж байгаад ч болтугай тухайн компанийг их хөрөнгөтэй гэж харуулах уу, эсвэл олж буй өгөөжийн чанарт анхаарах уу гэсэн үг юм. Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй орнуудын компаниуд ихэвчлэн чанарын араас биш тооны араас хөөцөлдөх агаад тухайн компаниудын Board of Directors буюу захирлуудын зөвлөл нь ч их сул хүмүүсээс бүрддэг нийтлэг хандлага байна. Захирлуудын зөвлөлд цаг сайхан байхад дарга, сайд хийж явсан хүмүүс голцуу тэтгэврийн хөгшид цугларах агаад иймэрхүү захирлуудын зөвлөл нь компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн атганд нь байх бүрэн магадлалтай. Үүний том шалтгаан нь компанид гаднаас санхүүжилт хэрэгтэй бол банкинд л хандахаас бус хувьцаа шинээр олон нийтэд гаргах асуудал үгүй юм. Банкнаас зээл авахын тулд хөгжиж буй орнуудад танил тал, арын хаалга хамгаас чухал. Ялангуяа хуучин дарга энэ тэр хийж явсан хүмүүсийн нөлөө энэхүү ажилд их өндөр гэсэн үг. Зөв ажиллаж буюу ажиллуулж чадах хөрөнгийн биржийн гол ач холбогдол чухам энэхүү ньюанс дээр л гарч ирэх ёстой ажгуу.

Цааш нь ухаад үзвэл хууль эрхүйн Англо Саксон ба Эх Газрын гэгддэг ялгаатай системүүд тухайн улс, бүс нутгийн компаниудын засаглалд хүссэн хүсээгүй асар том нөлөөтэй байхаар юм билээ. Барууны орнуудад компанийн эзэд нь хувьцаа эзэмшигч нар байх агаад компанийн удирдлагууд нь хөлсний менежерүүд байна. Уг компани нь дотооддоо захирлуудын зөвлөлөөр чиглүүлэгдэх ба гадаад орчинд хөрөнгийн зах зээлээр үйл ажиллагаа нь үнэлэгдэж удирдагддаг аж. Өөрөөр хэлбэл зээл, санхүүжилтын хувьд арилжааны банкуудаас бараг хамааралгүй гэсэн үг. Энэхүү схем руу эх газрын бизнесийн соёлтой улсууд нүүж байгаа ерөнхий хандлага ажиглагдаж байна. Япон болон Монгол улсууд үүний нэг жишээ гэж хэлж болно. Үнэндээ анх би Японы хөрөнгийн зах зээлийг Монголтойгоо харьцуулж үзье гэж бодож байсан боловч зарчмын хувьд харьцуулаад байх юм бараг байхгүй, санхүүгийн институцийн экосистемийн хувьд бараг ижил шахуу гэж хэлж болохоор бүтэц харагдаад байгаа юм. Учир гэвээс санхүүгийн хичээлүүд дээр үзэж байсан кэйсүүд дандаа Харвард бизнес сургуулийнх байх агаад ерөнхий концепц нь нөгөө Анкло Саксон зарчим дээр суурилсан байна. Эдгээр кейсийг Япон орчинд эсвэл “Монгол” сэтгэхгүйгээр сэтгээд дүгнэлт гаргавал яавч олигтой дүн авахгүй. Баруунд MBA хийсэн хүмүүс Япон, Герман, Францын санхүүгийн байгууллагуудад ажиллахад тун хэцүү гэж бас ярьдаг юм билээ. Тэр байтугай Японд бол барууны орнуудад хамгаалсан MBAMaster of English Literature-тай адил гэж ёжлон зүйрлэх юм билээ. Миний Австралилд хийсэн MBA-ийн ид шид Японы уламжлалт санхүүгийн байгууллагууд invisible байх нигууртай юм гэсэн. Гэхдээ л Японоос авах зүйлс байлгүй л яах билээ. Түүнчлэн Англо Саксон бизнесийн уламжлалтай улсуудад хүн 40 наснаас өмнө CEO болох нь энгийн үзэгдэл бол эх газрын гэгддэг уламжлалтай улсуудад 40 наснаас өмнө компанийн топ удирдлагад орох нь өдрийн од билээ. Монголд ч гэсэн чадвартай залуус мангар бацаан, тэнэгхэн, балчирхан, юм үзээгүй, гэнэн хонгор гээд элдэв янзаар дуудуулах бүрэн боломжтой. Үнэндээ тэр нэгэн агаагийн 40 насандаа гэнэт ойлгож, сурсан зүйлийг 25 настай залуу яагаад ойлгож сурч болохгүй билээ?

Эцэст нь дүгнэхэд, компанийн үйл ажиллагааг захирлуудын насаар нь хэмжин үнэлдэг цаг үе өдгөө тэртээ ард хоцроод буй. Ардчилал гэдэг зүйл хамгийн төгс зүйл биш боловч одоо байгаа сонголтууд дундаас хамгийн гайгүй нь гэсэн өгүүлбэртэй нэгэн адилаар компанийн үйл ажиллагааг хэмжих олон арга байгаагаас хамгийн “гайгүй” нь хөрөнгийн зах зээл гэж хэлж болох байх аа. Өөрөөр хэлбэл таны удирдаж буй компанийн бирж дээрх хувьцааны үнэ таны хийж буй ажлын үнэлгээ гэж хэлж болно. Миний удирдаж буй компани шилдэг нь, хамгийн сайн нь гэж хэд орилоод ч уг компанийн хувьцааны үнэ тийм амархан өсдөггүй юм билээ барууны орнуудад бол. Харин ч эсрэгээрээ буурах магадлалтай даг шүү. Биржийн бас нэг давуу тал нь өөрийгөө сайн удирдагч, сайн бизнесмен гээд бодчихсон байсан хүний компанийн хувьцаа үнэ цэнээ алдах үед тэрхүү бизнесийг үргэлжлүүлээд аваад явах буюу уг компанийн хувьцааг нь худалдаж аваад удирдлагыг солиод үйл ажиллагааг нь сайжруулах боломж үргэлж нээлттэй байдаг. Ингээд бодохоор Монголд хичнээн олон сайхан төсөл тэрүүхэн тэндээ эргэлдэж, хэдэн банкны мөн царай алдаж байгаад амжилтгүй болж дууссан бол оо гэж харамсмаар. Компанийн засаглал нь бизнесийн орчинг бүхлээр нь сайжруулах, удирдлагыг цэвэршүүлэх, оролцогч нарыг чанаржуулах чухал зүйл буюу.

Дипломын ажлын халуундаа бичиж байгаа ажлынхаа бараг нэг дэд бүлгийнх нь санааг энд сарааччихав уу яав?  

12 comments:

Anonymous said...

niigmiin amidraliin buhii hureend hun l baidag. end hunees tusdaa yu ch baihgui bolgoo. iinhuu uhvaas companiin zasaglal gedeg bas l hunees hamaarah ed end tusdaa companiin zasaglal gej tavigdah negeehen ch zuil baihgui bilee.

TT said...

... энэ бичлэгт дурьдсан санаа сүүлийн үед үлэмж моодонд орж байгаа тун чухал сэдэв бөгөөд хийсвэрлэн авсан жишээнүүд тань тодорхой хүрээнд амь бөхтэй оршин байгаа сэдэвүүдийн илэрхийлэл яах аргагүй мөн.
Уг нь шинэ бичлэгүүдийг тань уншихаар хүлээж байдаг боловч иймэрхүү нуршуу байдлаар (эхний хэсэгт хамаатай) санаагаа илэрхийлж дээр нь ...баялаг монгол хэлний сантай атлаа жишээн дээрээ "....хүүхэн, ... хүүхэн..." хэмээн явцуураад байвал рейтинг нь хорогдох магад шүү.
Бид хүний бүтээл буюу блог руу ороод нэг их шүүмжлэх нь ч хайшаа юм гэхдээ бичлэгийн чанар улам сайн шахсан бяслаг мэт болж байвал ОНЦ гэсэн санал илгээе.
Амжилт хүсье.

Anonymous said...

Unshihad engiin ali ch davhargiin hun unshaad oilgohoor sain bichleg.Gaihaltai shuu

xvv said...

Сайхан ойлгомжтой бичлэг байна. Мэргэжлийн биш хүний хувьд уншихад тэр хүүхэнтэй жишээ илүү хүрч байна. Хэдийгээр санхүү, эдийн засгийн хүн биш боловч ирээдүйд бас мөнгөтэй болбол зүгээр нэг банкинд аваачаад хийчих биш хэрэгтэй газар хөрөнгө оруулалт хийгээд хувь хүртэж суухсан гэсэн нууцхан далд санаатай явдаг тул ялангуяа хүүхэн, залуу хоёрын жишээ маш ойлгоход дөхөм байлаа :)

dddd said...

http://www.youtube.com/watch?v=muHg86Mys7I

Anonymous said...

Corporate Governance ch ene zaluugiin bichij bgaa shig tiim amarhan um bishee. Gol ni accounting bgaam. Mgl zaluuchuud bolon ene zaluugiin aldaa ni het amarhan chigleliin um surah geed bgaa yavdal. Zugeer l hongon bichleg bna chinii diplomnii ajliin heseg. sain sudlagdaagui gehuudee. zaluu nasand ali boloh hetsuu zuiliig sursan ni deeree. Neg l ih sursan humuus dandaa hangon um barij avch bnadaa

Anonymous said...

Minii huvid mergejliin bish tul ter 'huuhen'tei jishee oilgomjtoi bailaa, Harin zaluu nasniiha ercheer hungun bish hund sedev ruu oroh-g bol demjij bn, diplomiin ajil tani amjilt husey

Vinzo said...

Setgegdel uldeesen humuus talarhaj bna. Suuliin 2 setgegdel uldeesend humuust hariu bichmeer sanagdlaa. Ehnii hun maani corporate governance-g amarhan sedev bish accounting l gol issue gesen atlaa etsest n hungun sedev gej ene asuudliig dugnesniig saitar oilgosongui. Accounting n yah argagui corporate governance-n neg bureldehuun heseg bolovch hamgiin tsum heseg n mun uu gevel bas l asuudal um. Odoog hurtel delhii deer corporate governance-n talaar belen jor gargasan uls, mergejilten minii medehiin bhgui bgaa. Iimees minii huvd bol corporate governance hungun bish hamgiin hund sedev bolj taaraad bga um. Hund, hungun gej golohgui bol ugaasaa end tend surah, medeh um zunduu bna aa.

Solongo said...

Сайн байна уу?
Бичлэгүүдийг тань уншлаа. Сайн бичлэгүүд болжээ. Компанийн засаглалын талаар миний бие энэ жил дипломын ажил бичье гэж бодож байгаа юм. Таны хувьд энэхүү сэдвээр Монголд хамгаалсан юм уу эсхүл гадаадад хамгаалсан юм уу?

Unknown said...

Сайн байна уу?

Сайн бичжээ. Таньд компанийн нийгмийн хариуцлагаар хийсэн судалгаа , шинэ мэдээ мэдээлэл байвал хуваалцана уу?
kulaanaa@yahoo.com

Anonymous said...

Companyin zasaglalin huvid market for corporate control, freeze out of minority shareholders-udig tailbarlaj ogoh bolomj bnu? minii bie unshsan bolovch todii l oilgohgui yum

Anonymous said...

Bayarlalaa mergejliin bus hund ih oilgomjtoi saihan bichsen bn shuu. Bi MBA-aar masteraar surj baiga shine oyutan l daa ih hereg bolloo bayarlalaa :-)