Views
Маркетинг гэдгийг бид оюутан байхдаа 4P энэ тэр гээд л судалж өгдөг байсан даа. Одоо тэр 4P маань 8P болоод хоёр дахин “үржчихсэн”, интернэтээр дүүрэн онол, материал, номууд нь байж байна. Өөрөөр хэлбэл энэхүү шинжлэх ухаан маань улам төгөлдөржиж, асуудлыг “3D” биш бүр ”4D” хэмжээсээр хардаг болж байгаа юм болов уу даа. Гэсэн хэдий ч энэхүү салбарт төрөл бүрийн түвшинд нь ажилладаг зарим хүмүүс үр дүн нь тэр дороо харагддаггүй, тоогоор биш чанараар хэмждэг тул ажлын үнэлгээ хийхэд хэцүү, үнэлүүлэхэд төвөгтэй, оролцохгүй ажил гэж байдаггүй, төлөвлөөгүй ажил маш ихээр гарч ирж төлөвлөгөөт ажлын цагаас авдаг, амжилт олбол тухайн байгууллага тэр чигээрээ хожоод үлддэг байхад амжилтгүй болбол тухайн байгууллагын зөвхөн маркетингийн хүмүүс загнуулаад, зэмлүүлээд үлддэг, есөн шидийн хар бор ажил буюу ихэнх “субботник”-ийг нь хийсээр байгаад таардаг гэх мэтээр их хүчтэй шүүмжилж гомдоллодог. Судалгаа, шинжилгээ, зах зээлийн мэдрэмжээс авахуулаад тухайн байгууллагын зарж болох бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээний дизайныг хариуцах, сургалт хийх, шинэ бүтээгдэхүүн гаргах, борлуулалтын сувгууд, сурталчилгааны сувгуудыг тодорхойлох, харилцагчийн үйлчилгээний стандарт ба удирдлага, борлуулалтын дараах үйлчилгээ, гадаад, дотоод бүх төрлийн олон нийтийн харилцаа, дотоод маркетинг, нийгмийн хариуцлага, байгуулагын имиж, брэнд нэрийг төгөлдөржүүлэх гэсэн цогц ажил бол ерөнхийдөө маркетинг гэсэн ойлголтыг төрүүлэх ёстой юм болов уу?
Иймээс бид маркетинг гэж яг юуг хэлээд байгаагаа эхлээд мэдэх, тодорхойлох ёстой юм шиг байгаа юм. Энэхүү чиглэл нь аливаа байгууллагын бүтцийг өөрөө тодорхойлоод өгөх болно. Өөрөөр хэлбэл маркетинг гэдэг дотор стратегийн маркетингаа хэлэх гээд байна уу, эсвэл үйл ажиллагааны маркетингаа тодорхойлох гээд байна уу гэх мэтчилэн. Үүнээс улбаалаад маркетингийн газар, хэлтэс, алба байх эсэх, тухайн функцууд нь яг ямар үүрэг роль, эрх мэдэл, хариуцлагатай ажлаа хийх эсэх нь зааглагдах учиртай юм болов уу гэж харагдаад байдаг юм. Тэгэхгүйгээс болоод хүн болгон байгууллагын ямарваа ажлыг маркетингд тохоход амархан болохоос гадна тухайн ажлын байрны үнэ цэнэ гэдэг асуудал өөрийн эрхгүй хөндөгдөж эхэлдэг. Сонгодог хоёр жишээ бичье. Эхнийх нь банкинд ажиллахаар сонирхолоо илэрхийлж, анкет бөглөсөн хэдэн залуучуудын материалыг харсан чинь хоёр билүү гурван нөхөр маркетинг л биш бол энэ банкинд ямар ч ажлыг сонирхоё гэж бичсэн байж билээ. Нэг рүү нь утасдаад яагаад гэж асуухад дээр дурдсан шалтгаануудыг хэлж байсан. Дараагийн жишээ нь миний өмнөх ажил олгогчийн үед маркетингийн залуучууд нь тухайн байгууллагын бүхий л баяр ёслол, цэнгээн, шоуг зохион байгуулдаг байсан. Өөрсдөө ямар ч баяраар бусадтайгаа адилхан баярлаж цэнгэж чаддаггүй, зохион байгуулалтын ажлаа хийгээд гүйгээд байдаг. Бусад хүмүүс нь ч гэсэн эд нар л хийх ёстой гэсэн шиг харьцдаг байсан нь үнэхээр таалагддаггүй байсан. Зөвхөн тэр байгууллага ч биш ер нь Монголын бүх аж ахуйн нэгжүүдийн маркетингийн нэгжид хамаарагдаж буй залуучууд энэ зовлонг машид ихээр мэдэрч ойлгож буй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн сууж байна. Уул нь байгууллагын хамт олны зохион байгуулалтын ажил гэдэг утгаараа аль ч байгууллагын хүний нөөцийн газар нь иймэрхүү ажлыг зангидаад явбал илүү үр дүнтэй биш гэж үү?
Бизнесийн ямар ч чиглэлийн байгууллага бай, ямар ч үүрэг функцтай бай, тухайн хийж буй ажил, эрхэм зорилгоо хүрэх арга замыг нь бодлого тодорхойлдог бизнесийн нэгж, тухайн бодлогыг хэрэгжүүлдэг үйл ажиллагааны нэгж гэсэн хоёр үндсэн нэгжид хувааж ажлаа хийвэл үр дүнтэй гэдэг нь батлагдаад удаж буй. Чухам энэ хоёр үндсэн нэгжүүд бие биенийхээ ажилд хэт их оролцох, давхар хийх гэж оролдох, бие биенээ дэмжихгүй байх зэргээс болж тухайн байгууллага зах зээл дээрээс арчигдах хүртэл аюултай. Зүйрлэвэл, аягүй сайхан хүлэг морь уначихаад нэг гараараа хазаарыг нь байдгаараа татаад, нөгөө гараагаа хамаг байдгаараа морио ташуурдаж буй хүний үйлдэл юм. Ер нь бол үйл ажиллагааны нэгж нь бизнес нэгжээ дагаж явбал амжилтанд илүү хурдан хүрнэ гэж би хувьдаад бодоод байдаг юм. Бизнесийн нэгж гэдэгт суурь судалгаа, өнгөрсөн түүхийг үндэслэн бодлого тодорхойлох, хүмүүстээ чиглэл өгөх нэгжийг ойлгохоос бус бүх зүйлийг яг ингэж хий гэж нарийвчлан хэлэх ёсгүй, угаасаа ч боломж үгүй юм. А цэгээс Б цэг рүү очно гээд чиглэл өгөөд байхад яг яаж очих юм бэ, баруун талаар тойрох, зүүнээр явах уу, эсвэл зиг заг зам гаргаж явах ёстой юу гэсэн асуултанд бизнесийн нэгж хариулах албагүй. Хариулах юм бол тэнд үйл ажиллагааны нэгж байх шаардлагагүй. Эсрэгээр хэлбэл, хөнжлийнхөө хирээр хөлөө жийнэ гэдэг шиг хэзээ ч биелэхгүй юм бизнесийн нөхдүүд нь үйл ажиллагааны нөхдүүддээ хэлээд шаардаад байх ёсгүй. Гэхдээ л зах зээл, харилцагч нар юу хүсч байна, өрсөлдөгч нарийнхаа хийсэн давуу зүйлийг хийж чадахгүй бол тухайн байгууллагын хүний нөөц, топ удирдлагын асуудал гэж ойлгох хэрэгтэй болов уу. “Nothing is impossible” гээд Adidas-ийн билүү гоё үг байдаг даа.
Маркетинг гэдэг бол ямар ч байгууллагын хувьд зөвхөн тухайн байгууллагын маркетингийн нэгжийн хийх ёстой ажил биш юм аа гэж би боддог. Байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлаас эхлээд цэвэрлэгч, хамгаалагч, малчин, жолооч, барилгачин, барималчин нь хүртэл тухайн байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдтэй харьцдаг маркетерууд юм аа. Ийм ойлголт, ухамсарыг байгууллага дотроо төлөвшүүлж чадахгүй бол маркетингийн нэгж нь хичнээн сайн, хичнээн хүчтэй ажиллаад ч гэсэн ёроолгүй саванд ус дусааж байгаа юм шиг л үр дүнгүй ажил болно гэсэн үг. Бас л бодит жишээ хэлэхэд, миний танилын ажлын хүн нь халамцуу байхдаа шөнийн клуб нэг хүнтэй маргалдаад зодоон болох үед далайж яваа гарт нь нэг бүсгүй өртөөд бөөн асуудал болсон гэдэг. Нөгөө нөхөр маань тухайн байгууллагадаа гайгүй албан тушаал хашдаг хүн болж таараад. Маргааш нэг сонин дээр энэ тухайн нийтлэл гарч, тэр байгууллагын тийм хүн эмэгтэй хүн олон нийтийн газар зодов гээд нилээд “уянгын халил”-тай нийтлэл бичсэнийг ч хэлэх үү тэр сэтгүүлч. Маркетингийн албанаас нь энэ мэдээлэл чинь ташаа байна, дээрээс нь сонингоор энэ тухайн битгий гаргаач гэж хүсэхэд тухайн сэтгүүлч нилээд хэдэн оронтой мөнгө нэхсэн байгаа юм. Байгууллагын удирдлага тэр мөнгийг өгөхөөр шийдэж, байгууллагынхаа нэр төрийг аварч гарсан байгаа юм. Ийм ажил хийж мань залуусын үнэтэй цагийг асар их авсанаас гадна байгууллагын маркетингийн төсвөөс нь тухайн мөнгийг гаргасан гээд боож үхэх гээд анд маань надад ярьж байж билээ. Ямар их үнэ цэнэ, ямар их нэр хүнд, ямар их ажлын ачаалал, дарамтын доор Монголын маркетерууд ажиллаж байгааг та бүхэн дээрх жишээнүүдээс бага ч гэсэн ойлгож буй гэж найдаж байна. Дахин хэлэхэд нэг далдаасан дуракаас болоод байгууллагын нэр хүнд унахад тэрний хариуцлага байгууллагын дан ганц маркетингийн хүмүүс дээр тохогдох учиргүй юм.
Эцэст хэлэхэд хичнээн олон ажилчинтай байгууллага ч гэсэн яг нэг л хүн шиг хөдөлж, санаа нийлж ажиллаж байж чанартай бүтээгдэхүүн хийж, амжилттай зарж, дотооддоо болон гаднаа амжилтанд хүрнэ. Үүнийг зөвхөн маркетингийн ажил гэж бодож байвал та тун том андуурч эндүүрч байна гэж би хэлэх байсан. Эсвэл та үнэхээр тэгж бодож байна уу?
4 comments:
hi
caak bichleg bna neeree l zarimdaa deerh shig yum tohiolddog shuu bas neg yum nemhed manaid managment gedeg shinjleh uhaan yag tag sain hugjuugui met sanagddag odoo baiguullaguud hedii hunii nuuts, marketing, sanhuu, borluulalt, tehnik geh met albuud baih bolobch yag tag system bolgoj chadsan n tun hovor met.
hi ene udriin mend hurgey!Bi olon hunii blog bulan unshij uzlee minii uzsen hun bur marketing-n talaar bichsen baih yum tegehdee cham shig sain bichsen hun bhgui bna minii bodloor tiim uchir bi comment uldeeheer shiidlee.Uneheer sain bichsen bna.Bi 10-d hunii blog bulanruu orj uzhed ih aldaatai,hainga sul ug ih ashiglasan baih yum ter hun hichneen sain sanaa ilerhiileh geed bsan ch aldaatai bichih sul ug ih heregleh ni ter hunii mun chanariig gargaj irj chadahgui yum shig sanagdah yum.Chi ih zuv aldaagui nairuulga ene ter ni bichgiin hun shig sain bichsen sanagdam nadad..,Ushuu ih zuil bicheerei bainga unshij baih bolno.Neg zuil guihad awia company-n talaar bichnuu ihed shimten unshih bolno gedgee amlay..,
Vinzo,
Boddog bodloo tun tsegtstei ilerhiiljee. Amjilt husey,
Chamtai ajillahad uneheer saihan baisan shu.
Hey, tsug ajillaj bsan, tanidag meddeg humuus bol neree bicheed comment uldeed bai l daa. Heneesee nuugdaj, yunaasaa icheed bgaa um?
Post a Comment