Views
Саяхан нэг найзынхаа ажил дээрээс Сингапур улсыг үүсгэн байгуулагч, алдарт Ли Гуан Яао-гийн бичсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” хэмээх номыг авч хэдэн хоног шимтэн уншсан юм. Энэхүү номны талаарх бодлоо та бүхэнтэй хуваалцахаас гадна 2002-2003 оны хооронд Сингапурт сурч байсан түүхээ цухас мутарлахаар шийдсэн бөлгөө. Хэдий монгол орчуулгыг нь супер гэж хэлэхгүй ч та бүхэн энэ номыг заавал уншаарай гэж хүсмээр байна. Энэхүү номноос та бүхэн энэ агуу хүн 100 гаруйхан загасчид байсан ядуу тосгоныг хэрхэн бүс нутгийн геополитикийн бодлогыг тодорхойлогч Ази тивийн зүрх болгосон түүхийг мэдээд зогсохгүй 1965-2000 оны дэлхийн түүхтэй бараг л танилцах болно. Ардчилал гэдэг анархизм биш, тодорхой хэмжээний хэмжээ хязгаар, шаардлагатай бол зарим нэгэн диктатур байж гэмээнэ эмх цэгцтэй, хариуцлагатай нийгмийг бий болгодог сонгодог жишээ нь Сингапур улс юм. Энэхүү номыг уншиж дуусаад нэг л асуултыг би өөртөө тавьж үзсэн юм. Ли Гуан Яао гуай залуу зандангаараа Монголд ирээд бидний энэ бугшсан бохир улс төр, сул эдийн засаг, увайгүй ёс суртахүүн, дэндүү муу гэхэд ч гоёдмоор үйлчилгээ, хээл хахуулийн сүлжээг бут цохин Монгол Улсыг Сингапур шиг хөгжүүлж, эрс шинэчлэл хийж чадах байсан болов уу гэж. Зориг агсан шиг орцондоо аймшигтайгаар хөнөөлгөхгүй л бол бараг чадах байсан байх аа. Магадгүй Монголын Ли Гуан Яао Зориг агсан ч байсан юм билүү.
Би анх англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, IELTS-ийн шалгалт өгөх зорилгоор Арслан хот буюу Сингапур улсыг 2002 онд зорьж билээ. Станфорд Рафлс хэмээх эр орчин үеийн Сингапурын суурийг тавьсанаас хойш даруй 200 жил болох гэж байна. Харин 1965 он хүртэл 146 жил энэхүү хот нь Британийн эзэнт гүрний колони байжээ. Аль 7 настай байхдаа аав, ах хоёртойгоо тухайн үеийн ЗСБНХУ явж байснаас бус “ухаан орж, төлөвшсөнөөсөө” хойш анх удаагаа гадаад явж буй нь тэр. Гав ганцаараа явсныг ч хэлэх үү барууны загварын оронтой танилцсан түүх минь хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн байсан юм. Анх удаагаа бариулгүй угаалтуур, усаа тохируулах шаардлагагүй шүршүүр, алсын зайнаас төлбөр хийдэг автобусны билет, хурдны замын төлбөрийн систем зэргийг харж гайхшаа барж байсныг хэлээд юу хийх вэ. English биш Singlish сурах шахсаныг дурдах хэрэгтэй байна. Оки лаа энэ тэр гээд л. Аминдаа ок л гэсэн үг. Тэрийг нь мэдэхгүй анх “лаа” гэснийг нь дуудлагаар нь толь бичгээс хайж алиатаж билээ. Ок гэчихээд араас нь бас элдэв балай юм хэлээд байгаа юм болов уу гэж хаширлаад л тэр. Хол газар ганцаараа байхад хэцүү шүү дээ гээл үү. Мөн визээ сунгуулах гээд цус, шээсний эмнэлгийн шинжилгээ өгөөд хариугаа хартал бүгд дээр нь “Negative” буюу “Сөрөг” гээд биччихэж. Элдэв долоон өвчин туссан байна, тийм байх учиргүй, миний хариуг хүнтэй сольсон байна гээд л хөөрхий эмчийг хэсэг сандаргасан. Эрүүл болохоор “Negative” гэдэг юм аа гэдгийг нилээд хэд хэлүүлж байж сая нэг итгэж билээ. Энэ англи хэл заримдаа их балай шүү. САР (Од, сарын сар) гэж бичээд КАП гэж уншаад МАЛГАЙ гэж орчуулаад ямар балай юм бэ энэ англи хэл чинь гээд нилээд настай их сургуулийн багш минь толгой сэгсрээд сууж байсан түүх нүдэнд минь харагдаж байнам. Очоод вьетнамын хэдэн оюутнуудтай цуг байр хөлсөлж байгаад ахынхаа танилын гэрт нүүж очин амьдарч билээ. Хамгийн их анзаарагдаж надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол хүн болгон мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгосон, маш их дэг журамтай улс байсан. Ариун цэврийн талаараа бол дэлхийд бараг нэг номер байх. Засгийн газраас нь үйлчилгээний газруудынхаа 00-ийн өрөөнүүдэд зочид буудал шиг “Од” тогтоон зэрэглэл өгч эхэлж байсан цаг сан. Бохь зажлах, Сингапур улсад оруулах нь хориотой. Энд тэнд зажилсан бохио наагаад байхаар нь Яао ах шууд хориглоод орхисон бөгөөд одоо ч энэ хориг хүчин төгөлдөр хэвээр. Чанги хэмээх нэртэй онгоцны буудал нь нилээд хэдэн жил дарааллан дэлхийн хамгийн шилдэг үйлчилгээтэй буудлаар шалгарч байсан. Гэх мэтчилэнгээр тайвшраад баярлаад явж байгаад гар утас, бас бус хувцсаа хулгайд алдсанаа Монголд ирээд мэдэж билээ. Сүүлд сонсоход миний байсан айлын зарц буюу үйлчлэгч болох Филиппин охин миний явахаар бэлдээд тавьсан чемоданаас “хусаад” хаясан байсан. Айлын эзэн нь эхлээд надад итгэхгүй, уурлаж байснаа илрүүлээд уучлал гуйгаад, араас шинэ гар утас илгээж билээ. Хөөрхий филиппин охин бараг шорон явсан байх аа. Тэгээд бараг дахиж Сингапур улсад хөдөлмөр эрхлэх эрхгүй болсон биз. Хөөрхий ч юу байх вэ дээ, зэвүүн муу “халтайсан” хог гэмгүй царайлчихаад намайг хүнтэй үдэлтийн хоол идээд ирэх зуур заваан ажлаа амжуулсан байгаа юм!
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нараас гадна явган зорчигч нарынх нь хөдөлгөөний соёл, дүрмээ ягштал мөрдөх нь үнэхээр гайхалтай. Тэгш замын тээр хоёр талаас ямар ч машин харагдахгүй байсан ч явган зорчигч нар нь ногоон гэрлээ асахыг хүлээн зогссоор байх нь эхэндээ “ямар тэнэг” санагддаг байв аа. Хоёр давхар автобусны дээд давхрынх нь урд суугаад хичээлдээ явахад харин их урамтай байдаг байж. Хүмүүс нь уриалгахан хэдий ч мэдээж үнэгүй хоол гэж ердөө байхгүй. Христийн шашин нилээд дэлгэрсэн нь Британийн колони байсантай шууд холбоотой нь ойлгомжтойгоос гадна хятад, малайз, энэтхэг, англи гэсэн албан ёсны дөрвөн хэлтэйгээс гадна энэ олон үндэстэнүүдийг нэг нийгэмд эрх тэгш амьдруулж, ажиллуулж байгааг бахархахаас яалтай билээ. Манайхан бол дөрвөд, захчин, халх, боржгон, бүр Чингисийн хамаатан гэж тэнэгтээд жалга довын үзэл гаргаад байдагт нь хэлэх үг “үнээр” алга байнам. Зул сарын баярын өмнөх өдөр айлын хүнээ дагаж католиг сүм анх удаагаа яваад, очоод ёс мэдэхгүй бужигнуулж өгч билээ. Хүн ихтэй байсан тул салж суусан бөгөөд сүмийн үйл ажиллагаа дуусаад шууд гарах юм байх гэсэн чинь хүмүүс хамба руугаа оочерлоод зогсчихдог юм байна. Дагаж оочерлож байгаад Хамба дээр иртэл чипс шиг зүйл өгөөд адислаж байна аа. Чипсээ шууд идэхээсээ хаширлаад эргэн тойрноо хартал цуг амьдардаг залуу маань тээр тэнд зогсож байхаар нь “Бенни, энийг би яах ёстой вэ?” гээд дээшээ өргөж харуулаад асуутал нөгөөх чинь толгойгоо шаагаад уналаа. Зүй нь би тэр юманд нь хүслээ шивнээд хүнд харуулахгүйгээр идэх ёстой байсан юм билээ. Ядаж байхад би бараг орилж асуугаад “чипс” барьсан гараа ихэд дээр өргөснийг бараг сүм дотор байсан бүх хүмүүс харсан буй заа. Сүмийн үйл ажиллагааны дундуур хэдэн нөхдүүд хүмүүсийн дундуур яваад мөнгө хураагаад, над дээр ирэхээр нь учрыг нь ололгүй сандраад 50 ч билүү нилээд бүхэл доллар өгч хуга шатаж билээ. Тэрийг нь заавал өгөх албагүй гэдгийг нь дараа нь мэдэж билээ. Гэх мэтчилэн асуудлуудаас болоод дахиж сүм энэ тэр явж далдагнахаа больсон. Халуун гэж жигтэйхэн бөгөөд халуун халуундаа муухай чийгтэй халуун. Угаасан хувцас мөд хатахгүйгээс гадна их үдийн үед сүүдэр гэсэн ойлголт Сингапурт байхгүй. Учир нь нар чанх орой дээрээс шармой. Өдрийн 12 цагийн үед бүртийх ч үүлгүй нартай өдөр автобус хүлээн зогсох зуураа сүүдрээ хайгаад олохгүй сандраад, шууд нөгөө сүүдэр байдаггүй, толинд дүрс нь харагддаггүй Ороолонгийн тухай ном санаанд ороод бушуухан явж толь хайж билээ гээл үү.
Анх Малайзын харъяанд байж байгаад Английн ивээл дор бие даасан улс болсон боловч удалгүй Английн цэргүүд Сингапурыг орхин гарснаар Хятад, Малайзын хооронд хавчуулагдсан халиуны зулзага хэдхэн жилийн дотор бие даасан улс болоод зогсохгүй Орос, АНУ, Хятад, Япон, Энэтхэг, Тайвань болон бүс нутгийн улсуудын хооронд дундын байр суурь бүхий зуучлагч, мэдээлэл түгээгч улс болон хувирсан түүхтэй. Гэсэн ч одоог хүртэл ундын цэвэр ус нь Малайз улсаас 100% хараат, байгалийн баялаг гэсэн юм байхгүй ч мөнгө нь л байвал та энэ дэлхий дээр байх, байж болох бүхий л зүйлсийг энэ жижиг хот улсаас ядах юмгүй авах боломжтой нь гайхамшиг биш гэж үү. Хөөрхий Синга нарыг 1940-өөд оны үед Япончууд эзлэн ёстой цусыг нь холисон юм билээ. Тэр үед Сингапур байтугай Австралийн хойд талыг эзэгнэж байсан гэж бодохоор самурай нар айхтар байгаа юм шүү. Япон улс одоог хүртэл Сингапурчуудаас энэ тухай уучлал эрээгүй байгаа юм гэсэн. Харин ч тэр үед амь үрэгдсэн Япон цэргүүдийнхээ булш дээр очиж мөргөн Синга, Солонгос нарын дургүйг хүргэж байхав. Яао гуайн номонд дурдсан сонирхолтой ишлэл нь “Солонгосчууд өөрсдийгөө Монголчуудаас гаралтай гэж үздэг бөгөөд нээрээ ч нүүр царай, биеийн байдлын хувьд Япон, Хятадуудаас тод ялгарч харагддаг” (420-р хуудас) гэсэн хэсэг байв. Улс орны хөгжил, зай завсаргүй ажил хөдөлмөрөөс болоод хүн амын өсөлт нь саарч, настай хүмүүсийн хувийн жин эрс өссөн нь намайг байх хугацаанд засгийн газрынх нь шүдний өвчин болж байсан ба эмэгтэйчүүд нь хүүхэд гаргавал засгийн газраас нь нилээд том хэмжээний нийгмийн халамжийн урамшууллын багц зарлаж байсан. Монголын алдарт эхчүүд тэнд байсан бол шууд л үг дуугүй саятан болох байсан бөлгөө. Улс орны хэт хурдтай хөгжил, өрсөлдөөнт зах зээл буюу стресстэй нийгмээс зугтан Австрали болон бусад “удаан” темпийн улсуудад зориуд гарч амьдарч буй хэд хэдэн Сингапурчуудыг би мэдэх юм байна. Дан загас, өвс ногоо төдийхөн идэж байгаад цагаан сараар монгол айлд мах, өөх идээд хордлого аваад хэд хоног эмнэлэгт хэвтсэн гэж байгаа. Ёстой үхэх шахаж билээ. Хоногийн 100 гаран долларын үнэтэй зочид буудал шиг эмнэлэгт хэвтэж баларч байлаа. Эмч гэж нөхөр хүрч ирээд зүрх сонсож, даралт үзэж хэдэн ойр зуурын “элементаарны” юм асууж байснаа 100 долларын билл үзэх болгондоо бичээд явчихна. “Ийм нэгэн дурлал” киноны залуу шиг биллээ орныхоо толгой дээр бараг зүүгээр хатгаад цуглуулж байв шүү дээ. Сүүлдээ бүр дургүй хүрээд эмчийн бараа харандангуут би үзүүлэхгүй, зүгээр гээд гүрийдэг болсон. Тухайн үеийн ядуу оюутан намайг айлын эзэн маань хааяа нэг амралтын өдрийн орой дагуулж гаран нэгэн томоохон зочид буудлын амьд хөгжим бүхий пабд оруулж пиво шимэн, дуу захиалж, юм ярьж суудаг байсан юм. Задгай дээвэр бүхий энэхүү пабыг хүрээлсэн зочид буудал нь 30-аад давхар байсан бөгөөд гадагшаагаа ил гарсан гэрэл бүхий лифтүүд зөрөн өнгөрөхийг харан буйдан дээрээ дээшээ харан хэвтэх нь жаргалтай. Хэд хэд ингэж оруулсанаа мань эр дараагийн удаа чи намайг даагаарай гээд “өрөнд” оруулж билээ. Дахиад нэг зуун синга доллар “салхинд хийсч” билээ. Тэр үед сургууль соёлоо төгсөөд гэрийнхэн, найз нартайгаа ийм газар заавал ирнэ дээ гэж дотроо хатуу зорилго тавьж билээ. Зорилгоо бараг л биелүүлсэн. Аав, ижийтэйгээ л явж амжихгүй, чадахгүй байгаад байгаа. Одоо ч тэр үеийн “шалдан” оюутан байсан үеийг бодвол дэлхийн аль ч улсын ямар ч зоогийн газар, пабд ороод хүссэн юмаа авахтайгаа болсон нь надаас гадна миний гэр бүлийн гишүүдийн үүрэг асар их байгаа гэж боддог. Гол нь замын зардлаа л олчихвол. Хэхэ.
За тэгээд энэхүү улсыг зорих хүмүүс далай, Сентоза арал, амьтны хүрээлэн, алдарт Орчард роад (Orchard Road) хэмээх төв гудамжийг заавал үзэх ёстой. Ялангуяа Зул сарын баярын үеэр энэхүү гудамж дэлхийд алдартай болдог юм. Харин миний хэвтсэн “гоё, үнэтэй” эмнэлгийг нэг их үзэх гэсний хэрэггүй л болов уу. Тэнд хэдэн сар байх зуур танил, танилын танилууд гээд нилээд хүмүүсийг Сингапурт ирэхэд нь газар оронтой нь танилцуулж, ойр зуур тусалдаг байсан. Бараг бүгдийг нь Сентоза, амьтны хүрээлэн дагуулж явж байлаа. Сүүлдээ бараг амьтны хүрээлэнгийн наад талын булангийн торны “тэрхүү” сармагчин намайг бараг л таньдаг болсон юм шиг байсан. Энэ нэг ядаргаатай Монгол бацаан байн байн салбагнаад л ирэх юм гэж “дотроо боддог” байсан биз. Хичээлээ тараад ёс юм шиг орж тухлан сууж ном гарчигладаг газар минь Орчард гудамжны Такашимаяа их дэлгүүрийн номын дэлгүүр байж билээ. Амьдралдаа анх удаа тийм том номын дэлгүүрт ороод юу гээч? Ярих юм биш. Burger King-ийн амтанд ихэд орсон нь сайндаа ч биш нилээд зузаан Discount Catalog олж авсантай холбоотой бөлгөө. Тухайн үе нь Монголчууд Сингапураас цахилгаан бараа зөөгөөд нилээд гаршчихсан байсан цаг бөгөөд Симлим хэмээх алдарт зах нь байна аа. Ойр зуур электрониксийн юм авах хүмүүс заавал энд ирэх хэрэгтэй.
Сингапурт байхдаа Малайз руу 2 өдрийн аялал хийснээс гадна Брунейн хаант улс руу явангаа алдаад больж билээ. Ер нь тэгж байгаад эдгээр аялал болон бусад улсууд руу зорчсон тэмдэглэлээ блог дээрээ оруулна аа. Эхнээсээ гадаадын улсуудаас Австрали, Шинэ Зеланд, Герман, Өмнөд Солонгос улс, дотоодоос Баян-Өлгий, Говийн аймгуудаар зорчсон тухай миний тэмдэглэлүүд блог дээр байгааг та бүхний зарим нь анзаарсан байх. Тухайн үед Сингапурт Монголын Элчин Сайдын Яам байгаагүй бөгөөд Худалдааны Төлөөлөгчийн Газар байж байгаад Ерөнхий Консулын газар болоод удаагүй байсан цаг. Сүүлийн хэдэн сар нь би бээр консулын газрын санхүү хариуцсан “гэрээт бус” ажилтанаар хэсэг ажиллаж билээ. “Хэн” (Өөрөөс нь зөвшөөрөл аваагүй тул нэрийг нь тавих гэж түвдсэнгүй) эгчид нябо бүртгэлийн өдөр тутмын бүртгэл, баланс, орлого үр дүнгийн тайлангийн цогц томъёо бүхий файлыг үүсгэн өгч, өмнөх бүх датаг нь оруулан, яаж цаашид хэрэглэхийг нь сургаж өгөөд ажлаа дуусган Сингапураас буцаж байлаа. Миний энэхүү файл, форматын дагуу гаргасан тайлан Гадаад Явдлын Яамнаас өндөр үнэлгээ авсан гэсэн. Одоо Сингапур улс 7 жилийн дотор улам хөгжсөн байлгүй гээд бодох гэхээр тухайн үед л бараг хөгжийнхөө дээд шатанд байсан, одоо хөгжөөд хөгжөөд юу болох юм бол доо хэмээн юу эсийг бодон суух ажгуу. Нэг сайхан нартай өдөр дахиж зочлон Яао ах болон түүнийг залгамжлагч нарын ажлыг нэг шалгаж ирнэ дээ гэж. Энд хэсэг амьдарч үзсэнийх хоёр улсыг холбох мэдээллийн цэгцтэй урсгал бий болгох зорилгоор хэсэг нөхөдтэй хамтран бараг жил гараны өмнө “Монгол-Сингапур Бизнес Төв” төрийн бус байгууллагыг байгуулсан боловч миний зүгээс тэр болгон ажилд нь орж амжихгүй яваад байгааг хэлэхэд гунигтай бөгөөд ичгүүртэй л байна. Гэхдээ энэхүү төв маань идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа бөгөөд оффис нь МВ төвийн 5-р давхарт буйг сонордуулмой.
1 comment:
Tnx, goe temdeglel bn, busad uls-n temdeglel-g n bas unshihaar shiidlee gj
Post a Comment