Views
Бурхадын эзэн
Ертөнцийн амьд бурхан минь болсон ээждээ зориулж бичлэг бичмээр санагдаад өнөөдөр. Угаасаа ч бичих ёстой өдөр, бичих ёстой сэдэв. Эргэн тойронд байгаа ээжүүдийг хараад хүүхдүүдийнхээ төлөө хаанаасаа ийм их дуусашгүй хайр, зүтгэл, хөлс хүч гардагийг нь гайхмаар шүү. Ялангуяа олон хүүхэдтэй ээжүүдийн хувьд. Насны зөрүү багатай олон хүүхдүүдээ хэрхэн хооронд нь эвтэйхэн өсгөж, зөв хүмүүжүүлж буйг, тэрхүү амьдралын туршлагыг далайцтай судлан системтэй эрдмийн ажил хийвэл бараг Нобелийн шагнал авна шүү. Магадгүй улс орон, төрийн засаглалын хамгийн оновчтой зөв бүтэц, схем гарахыг ч үгүйсгэхгүй гэж би боддог. Ээж минь 5 хүү төрүүлсэн дарханаар тогтохгүй бэр. Ах нар бага байхдаа тус бүрдээ сард нэг нэг гутал, улиралд нэг гитар элээдэг байсан гэж байгаа. Би олон ахтай тул оюутан болтлоо ямар ч шинэ хувцас бараг авч үзээгүй, харин ч моодны хувцаснуудаас хоцрохгүй яваад байдаг байж билээ.
Төрөхийн орон дээр таныг өвтгөн өвтгөн хорвоод ирсэн нь магадгүй хамгийн бага зовлон байсан байх. Үүний дараа өсгөн хүмүүжүүлэх гэж таны ямар их уур, нерв, гомдлыг барсан, одоо ч заримдаа барж байдаг бол доо гэж бодохоор заримдаа өөрийгөө цохиод авмаар болдог юм. Ижий минь багаасаа өнчин өсч амьдралын зовлон жаргалыг эртнээс мэдэрсэн болохоор бидний хэдэн хүүхдүүдээ ёстой юунаас ч дутаахгүй өсгөсөн. Дарханд байхдаа лав “нам засгаас” үлгэр жишээ гэр бүл энэ тэр гэсэн өргөмжлөл социализмийн үед нижгээд авч толгой сайтай ах нарын тухай сургууль даяар шуугин ярьж багш нар маань намайг дандаа ах нартай минь жишин харьцуулж үнэлдэг, хичээлээр шахдаг байсан сан. Бараг 30 жилийн өмнө намайг нярай байхад хэрэглэж байсан хувцас хунар, эдлэл тэргүүтэнийг миний хүүхдэд хэрэглүүлэхээр шинэ юм шиг хадгалан байснаа гаргаж өгөхөд ямар их тэвчээр, ямар их нямбай зан бэ гэж өөрийн эрхгүй дотроо дуу алдсан сан. Таны хоёр авдар дотор гэр бүлийн маань ямар агуу түүх, дурсамж хадгалагдаж байгаа бол гэж бодохоос уярахгүй байхын аргагүй. Ачийгаа биднээс харамлан хааяа хэд хоногоор өөрсөд дээрээ байлгахаар аваад явахаар хүний хүнд өгч байгаа юм шиг тийм хоол тэдэн цагт өгөөрэй, тэгж усанд оруулж ингэж бие засуулаарай гэсэн түмэн захиасыг тань сонсоод таны өмнөөс зөндөө ичдэг. Намайг хайрладаг хайр дуусахаар барахгүй миний хүүхэд хүртэл хальж байх нь гайхамшиг. Далайн давалгаа, салхи зэрэг дуусашгүй энергийг ашиглан эрчим хүч гаргах санаа хүн төрөлхтөнд эртнээс төрөн ажил хэрэг болгож байгаа. Харин дэлхийн бүхий л ээжүүдийн хүүхдүүдээ, хорвоог хайрлах хайрыг “тусгай төхөөрөмж”-ийн аргыг ашиглан хэрэглэж болох эх үүсвэр болговол бүхий л зүйлсийг тэтгэгч мөнхийн хөдөлгүүр болно доо гэж хааяа боддог юм.
Олон хүүхэд, нярайн дотроос өөрийнх нь л хүүхэд хамгийн өхөөрдөм хөөрхөн ээжид нь харагддаг. Ямар ч хэрэг хийсэн байсан ээжид нь хүүхэд нь л гэмгүй гэнэн байдаг. Тийм ч учраас өндөр хөгжилтэй гадаадын орнуудад ээж нь, гэр бүлийнхэн нь хүүхдийхээ эсрэг мэдүүлэг шүүх дээр өгөхгүй байх бүрэн эрхтэй байдаг. Бүхэл бүтэн шүүхийн системийг хүртэл уяруулж чадсан ээжийн хайрын хамгийн энгийн жишээ энэ. Хэдий та жаахан юманд баярлаж хүүгээ үнсдэг ч энэхүү талархлын өчүүхэн хувьд ч хүрэх ачийг би хариулж амжаагүй л явна. Өнгөрсөн Эмэгтэйчүүдийн баяраар танд хүү нарынх нь тоотой ижил сарнай цэцгийн багц авч өгөхөд та ээж нь ямар ийм юм авч байсан биш, энэ мөнгөөрөө эхнэр, хүүхэддээ юм авч өг гэж хэсэг авахгүй гүрийж байснаа үүнд мөнгө үрж байснаас ээждээ талх, сүүний мөнгийг нь өгчихгүй гэж хэлэхэд тань уурлах ч хэцүү, инээх ч хэцүү болж билээ. Та бүхэн хамгийн сүүлд, хэрхэн ээжийгээ баярлуулсанаа, эргээд ээж тань ямар хариу үйлдэл үзүүлж байснаа эргээд заавал нэг санаарай! Ээжийгээ баярлуулж чаддаггүй юмаа гэхэд голд нь ортол гомдоохгүй явах нь үр хүүхэд та бидний үндсэн хууль байтугай том хуулиудаас ч илүүгээр хүлээх ёстой үүрэг бус уу. Ээжийгээ гомдоосон бол үтэр түргэн очиж уучлал эрээрэй. Магадгүй тэрхүү үйлдэл чинь л таны ээжийгээ хамгийн их баярлуулсан явдал болох бий вий. Гэхдээ би ээжийгээ баярлуулахын тулд эхлээд зовоо гэж хэлж байгаа хэрэг огтхон ч биш шүү.
Намайг өдий зэрэгтэй өсгөн хүмүүжүүлж, өдийг хүртэл дуусашгүй хайраараар бөмбөгдөж байгаа таны ачийг би энэ насандаа хариулж чадахгүй. Яагаад гэвэл таны хайр, ач хязгааргүй. Энэхүү ач буяныг хэмжихэд миний мэдэх тооны хэмжүүр хүрэхгүй. Замбараагүй баахан юм биччихлээ. Цэгцтэй яруу найргийн хэлбэрээр бичигдсэн Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ээр энэхүү бичлэгээ 5-р сарын 2-ны цоо шинэ өдөр эхэлж буй энэхүү шөнө дундын заагт түр өндөрлөе. Өндөрлөхөөсөө өмнө ертөнцийн бүхий л бурхадын эзэн болсон ижий таньдаа хязгааргүй хайртай гэдгээ хэлье. Энэхүү шүлэгийг англиар орчуулаад өгөх хүн байвал их сайн байна шүү. Би өөрийн модон англи хэлээ голохоос гадна энэ том агуу сэдэвтэй шүлэгийг гардан орчуулж төрөлх англи хэлтэй хүмүүст үзүүлэх зориг үнэндээ хүрэхгүй байнам.
Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой
Намайг ухаажихыг үзэх гэж ээж минь та урт наслаарай
Манцуйдаа ирж таныг би ганцхан удаа жаргаасан
Магадгүй тэрнээс хойш дандаа зовоосон
Ганцхан намайг гэж ижий та
Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ?
Бариувчийг минь эсгэж, хуримын өмсгөл чимэглэж
Балчраас минь өдий хуртэл та оёдолчин явлаа
Оточ Маналын хувилгаан ийм байдаг юмуу гэлтэй
Орон дээрээ намайг бүлээрч хонох болгонд
Дэлхийд хамгийн сайн эмч та байлаа
Аягаа эвдэн, эрхэлж ядсан намайг
Аргадсандаа алиалагч болж өмнө минь эргэлдсэн
"А" үсэг бичих гээд будилж цөхөж суухад минь
Алдаатай байхад нь улаан цайм онц тавьдаг багш явлаа
Цаг оройтсон болзооноос эргэж ирэхэд
Цагдаа, эсвэл үүдний манаач
Сар нарны ээлжгүй гал сахисан тогооч
Сангийн бойпорт арц уугиулж, маани уншдаг ламаа
Шүхэр тэнгэрийн доор алдаж эндэх тоолонд минь
Шүүхийн тогтоол уншдаг яллагч нь та мөртлөө
Даамай их хайр тань аанай л хэвээрээ
Давж заалдсан өмгөөлөгч болж зовлонгоос намайг суллана
Жигжид бурханыг олон мутартай гэлцэнэ
Жижигхэн энэ бие тань түүнээс ч илүү гартай
Элбэг их хайр, Ээжий гэдэг нэр тань
Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар аа!
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла аа!
6 comments:
Goyo shuleg blog-too tavisand bayarlaa. Unshaad samsaa sharhirch nudend nulimas tsiilegnej baina. Eejiigee, bas geree yamar ih sanaj bainaa. Thanks again.
btw, Happy birthday!
Uneheer goyo bichleg bolson bnashuu!!!!
neheer goyo bichleg boljee tanii bichleg goy bdag shuu ulam ihiig nemeerei
May 08, 2009 is the Mother's Day in australia. Some Sydney Mongolians are gathering
хэ хэ ганцаараа баахан инээлээ. ээж чинь хөөрхөн юм аа. цэцэг навчинд мөнгө үрж байхаар талх сүүний мөнгийг нь өгчихгүй гэдэг нь ёстой хөөрхөн санагдаж байна.
odoo eejiinhee ungursun udruudiig ireeduin yugaar ch dutaahgui, und ch sanaa zoboohgui baihiin tuluu ta buhen achiig n hariulah tsag n boljee. Minii huvid ch bas l tm gehdee zarim ued uzel bodluud maani shal uur bolchihson yum shig. ZObson shanalsna buhendee odoo boltol setgeld n neg yum uldsen yum shgi setgedeg bolchihson bid nariin eej aavuudad setgeliin uur neg haluun dulaan energy heregtei ch yum shig... Ter bid nar sain hun baival boloh ch yum shig haluun dulaanaar hairlaval boloh ch yum shig etseg eh hezee ch ed hurunguur aj zargal hiideggui aguu humuus...
Post a Comment