Views
Амьдралын үнэ цэнэ ба хувиа хичээх үзэл
Бидний үнэ цэнэ юу вэ? Алив хүн болгонд өөрийн гэсэн үнэ цэнэ, ертөнцийг үзэх үзэл байдаг. Харин тэрхүү үнэлэмж, үнэ цэн нь аюулд орсон тохиолдолд хүн амиа хорлох эсрэгээр бусдыг хөнөөхийг завддаг юм уу гэж түүх хараад бодогддог юм.
Ямар тохиолдолд та “БИ” хэмээн цээжээ дэлддэг вэ? Ямар нэгэн хувь хүн, албан байгууллага, үндэстэн улсын үнэ цэнэ нь хувиа хичээх үзлээ даван гарч чадаагүй цагт тэрхүү этгээд зөвхөн өөрийгөө хорлоод зогсохгүй нэг завин дээр буй бүх хүнээ далайн хүйтэн ус руу унагаж буй хэрэг юм уу даа гэж санагднам. Тэр завин дээр нь та, би, таны гэр бүл, найз нөхөд, эмээ, өвөө бүгд бий. Уучлаарай буруу жишээ авлаа. Тэр завин дээр нь таны үнэтэй хаус, тансаг машинууд, чамин гар утаснууд, үнэт эдлэлүүд чинь цөм бий. Завь хөмөрсөн л бол бүгд гүн ёроол бүхий харанхуй далай руу живэн алга болмой. Даатгалын компани чинь завин дээр цуг живэн үүрд алга болж буйг битгий мартаарай!
Яг одоо бидний “дэлхий” гэдэг өчүүхэн завь живэх маш өндөр эрсдэлтэй байна. Эс бөгөөс зарим судлаач, шинжээчид аль хэдийн живээд эхэлсэн гэж мэдэгдэж байна.
Хүмүүн төрөлхтөний шунал тачаал хязгааргүй юм. Ядаж байхад тэрэн дундаа “юм үзээгүй Монголчууд бидний” аяглаж буй царайг. Тэр хэмжээгээрээ бид амьдран буй байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо өөрсдийн тааллаар байлгахын төлөө бүхнийг умартан хичээж байна. Харамсалтай нь чадаж байна. Тэр ч байтугай хүн төрөлхтөн цаг хугацааг хүртэл захирахыг эрмэлзэн өдөр шөнөгүй ажиллаж байна. Өндөр технологийн хүчээр хүн дэлхийн аль ч өнцөгт 48 цагийн дотор хүрэх “хоншоортой” болчихжээ. Жилийн тоотой хэдэн саруудад ургадаг ургамал, жимсийг асар том хүлэмж, хүчтэй химийн бордоогоор хоногийн 24 цагийн турш ургуулж нэгэнтээ чаддаг болсон байна. Хиймэл ертөнцийн эхлэл аль хэдийн тавигджээ. Тун удахгүй бүх хүн үхэшгүй мөнх амьдрахыг хүснэ. Алтан загасны шуналт эмгэний хүслийг хөөрхий жараахай чадлаараа л биелүүлээд байгаа нь тэр.
Зугаа цэнгээний томоохон төв болох Лас Вегас хотын нүд эрээлжилмээр шөнийн хурц гэрлүүд нь хүн болон амьтад, жигүүртэн шувуудын цаг хугацааны мэдрэмжийг аль хэдийн алга хийсэн байна гэж баримтат киногоор гарч байх ажгуу. Үүрээр жиргэдэг шувуу, тахианууд шөнө дунд жиргэн донгодох болж тэрбугай олон мянган гэрлийн халуунаас болж намартаа навчсаа гөвдөг модод хүртэл “нүцгэлэх” шаардлагагүй болж улирлын мэдрэмжгүй болсон байна. Өөрийг чинь нэг хувцастай хэдэн жил байлгавал үнэр танар чинь дийлдэхээ байж өвчний үүр болж эхэлнэ биз дээ? Мод хэлгүй болохоор бурханд л гомдохоос өөрийг хийж үл чадах аж зайлуул.
Цэнхэр дэлхий маань хүн дүүрэн чихсэн ямбий микро шиг “ачаалал”-аа даахаа больж байна. Эх дэлхийн “амаржийн”, тоормозны накладка гэж авах юмгүй болсон. Жаахан “донсолгоо” таарангуут тэр чигээрээ цунами, хар салхи үүсгэн сэгсчиж хаян, гэнэтийн саад замд харагдвал тоормозоо барьж чадалгүй очоод мөргөөд эхэлжээ зайлуул. Хүн нь дүүрсэн микрод өвөр дээрээ суух нь стандарт болсон шиг дэлхийн хүн төрөлхтөн талаар нэгж тарж биш, тэнгэр баганадсан байшингуудад сансар өөд тэмүүлэн “шопроодлон” өдөр хоногийг элээх бөлгөө. Хүн амьдрах газар гаргахын тулд, 6 тэрбум гаран хөршөө тэжээж, хувцаслаж, тансаг амьдруулахын тулд та бид ширэнгэн ойг хайр найргүй цавчин газар гарган, зэс, алт, алмаазны төлөө дэлхийн гэдсийг онгичин гол мөрнийг нь хатааж, амьтан, ургамлын аймгийг нь бүлэглэн устгаад бараг дуусах нь дээ. Хятадад идэх юм олдохоо болиод тэр үү, бусдаас ялгарч тансаглахын тулд тэр үү бүү мэд хүний ураг хүртэл иддэг болсон гэх юм билээ.
Хүний хязгааргүй хэрэгцээг хягзаарлагдмал нөөцөөр хангах шинжлэх ухааныг эдийн засаг хэмээнэ гэж олон жилийн өмнө заалгуулж байсан. Алив эдийн засаг, нөөцөд хязгаар гэж нэг юм байдаг юм гэдгийг өдгөө хүн бүр сайтар ойлгож эхэлж буй гэж найдаж байна. Чи энд алтан гинж авч зүүж байх хооронд цаана чинь 5 хүүхэд өлбөрч үхэж байх юм. Та бидний хүсэл мөрөөдлийн хязгаар болсон өндөр хөгжилтэй орнуудын тансаг хэрэглээнд хүрэхээр тэмүүлж буй хэт хурдацтай хөгжил нь байгаль дэлхийн тэнцвэрийг алдагдуулж дэлхийн дулаарлыг үүсгээд нилээд удаж байна. Цагийн Хүрдээр өнгөрсөн долоо хоногт ярьж байна билээ. Дэлхийн дулаарлаас болж 200 гаруй шинэ халдвар өвчин гараад байна. Үүний 70% нь хүн гэдэг амьтанд шууд халдварладаг гэсэн шүү.
Хүний өвчин дуусаад (нүдний ханиадын эс тооцвол) амьтдын өвчин эхэлжээ. Гахайн ханиад, шувууны ханиад, тарваган тахал, хижиг, үхрийн боом, араатан чоно, тэжээвэр малын галзуу, шүлхий өвчнүүд, гар, хөл, амны өвчин . . . гээд л хөвөрч байна. Саяхан бас BBC-р жигтэй мэдээ гарч байх юм аа. ДОХ-ийн вирус анх шампанзе сармагчингаас үүсэлтэйг эрдэмтэд батлаад тэрүүгээр нь дэлхийн хэдэн сая хүн халдварлагдаад талийгч болоод байж байна. Гэтэл горилла сармагчингаас шинэ төрлийн ДОХ-ийн вирус авсан Камерун эмэгтэйн тухай дэлхийн мэдээллийн хэрэгслээр ярьж байх юм аа. Хүнтэй хамгийн ойр байдаг нохой, муурны өвчин гарвал та бид ташраараа үхэх нь гарцаагүй. Харин үхэхдээ хаашаа харж үхэх ёстой юм бол?
Алтан загас уурлаад хүн төрөлхтөнийг тэр чигээр нь сөнөөлгүй харин ч хүй нэгдлийн үе рүү буцаавал азны “колъя” болох байх аа даа. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг хувиа хичээх үзлээ бултаараа багасгаж, хөөрхий өвгөн шиг реалити шоуны дүрд тоглож байгаа хажуу нэгнээ хайрлацгаая. Хажуу дахь нэгэнтэйгээ жинхнээсээ найзлаагүй түр зуур “ашиглаж” байгаа бол ядаж тэднийгээ “гамтай хэрэглэцгээе”. Тэрхүү “хэмнэлт, өрөвч зан” нь та бидний үр, ач нарыг хэд хоног ч гэсэн шар нар, бор хоногийг илүү үзүүлэх байх гэж найдах юм. Жич, гуч, дөч гэж ярих хязгаар бараг дуусч байгаа юм биш үү дээ та минь бид энэхүү хурдаараа бие биенээ, эх дэлхийгээ цөлмөвөл? “Алсдаа” элэнц, хуланц өвөө гэж дуудагдах юмсан. Амьдралынхаа үнэ цэнийг бултаараа мэдэрцгээе!
7 comments:
санал нэг байна аа, гоё зүйрлэж бичиж :)
Бид бүхэн юуны төлөө амьдарч байгаа хааяа нэг санаж байх ёстой. Сануулсанд баярлалаа. http://thesixthdiscipline.blogspot.com/
ecologiin ginjin helheeg humuun torolhton bid tuiliin baharhaltai taslaj bgag haraad yu ch hiij chadahgui suuh n uneheer hetsuu ...
zohist hemjee (altan dundaj)-n onol gj bdag bhaa ...
Сайхан задалж бас дүгнэж бичиж ээ
Сайхан блог байна. Го го ярилцлага, энэ байгал эхээ цөлмөж байгаа бичлэгүүд чинь үнэхээр юм бодогдуулам болжээ. Улам олон сайхан бичлэг бидэнд толилуулаарай. Амжилт.
harin tiimee
Post a Comment