Tuesday, 21 July 2009

Sun activation and its effect

Views

Нарны идэвхжил ба түүний нөлөөлөл

Амласан ёсоороо энэхүү бичлэгийн үргэлжлэл болгож энэ нийтлэлийг бичиж байна. Аливаа эдийн засаг өөрөө өөрийгөө нөхөн үйлдвэрлэх чадвартай, харьцангуй бие даасан систем байх учиртайг хүн төрөлхтөн ухаарч түүнийг залж жолоодохыг эрмэлзсээр бараг 300 орчим жилийг ардаа орхижээ гэж хэлж болно. Ингэхдээ үндэсний эдийн засгийн долгионлог хөгжил, тогтворжилтын дотоод хуулийг таньж, энэ үндсэн дээр түүнийг жолоодох, учирч болох эрсдэлээс хамгаалах, эдийн засгийн амьдралыг бүхэлд нь хөтөлбөржүүлэхийг эрмэлзсээр иржээ. Үүний хамгийн сонгодог жишээ нь залуус бидний хувьд моодонд ороод байгаа форексийн техник шинжилгээний арга, онолууд байж болно. Элдэв зүйлд сонирхож явдгийн үрээр нягтлан бодох бүртгэлээр сурч байсан хирнээ бакалаврын дипломын ажлаа нарны идэвхжилийг судлан үзэж, Монгол улсын эдийн засгийн өсөлт, бууралт, амжилт, уналтыг түүнд нөлөөлж буй хүрээлэн буй орчин буюу нарны өөрчлөлтөөс эрж олохыг зорьж саваагүйтсэн явдал байлаа. Учир нь тухайн үед Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуй нь ҮНБ-ий 40% орчим, ХАА-н бүтээгдэхүүний бараг орчим 90%-ийг үйлдвэрлэдэг бөгөөд хүн амаа хүнс, өргөн хэрэгцээний бараагаар хангадаг, өөрөөр хэлбэл нийт хүн амаа хооллож хувцасладаг улсын маань эдийн засгийн гол салбар байсан тул. Гол уруу татсан факт нь мичин жилийн зуд хэмээх гамшиг байсан юм. Яахаараа жаран бүрийн 12 жил тутам Монголын мал хуй ташраараа үхэж байх ёстойг мэдэх туйлын хүслэн байсан хэрэг. Энэхүү судалгааны ажил анхнаасаа цаг ууртай шууд холбогдож эхэлсэн бөгөөд явж явж нартай холбоотой ч юм шиг болоод явсан тухайн үедээ.

Нар нь өөрийн гадаргуу дээрээ хар толбуудтай байдаг бөгөөд түүний өөрчлөлт, хөдөлгөөнийг одон орны шинжлэх ухаан судалдаг билээ. Харин тэр толбожилт эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг аль ч шинжлэх ухаанд төдийлөн гүнзгий авч үзэж байгаагүй бололтой гэж тухайн үед “судлах гэж оролдсон” ухаантай. Нарны толбо онцгой олон байдаг жилийг өндөр жил гэх бөгөөд нарны толбо нь цөөрсөөр байгаад 7-11 жилийн дараа толбууд нь хамгийн цөөн болно. Цөөн болсон тэр жилийг нам буюу min жил гэнэ. Хамгийн бага буюу нам жил өнгөрмөгц нарны толбын тоо олширч түүний хэмжээ нь улам томорсоор 10 гаруй жилийн дараа дахин хамгийн их буюу өндөр жил болно. Ингэж солигдох явдал нь дундыг баримталбал 11.2 жилийн үечлэл хэмнэлттэй болохыг 1848 онд Цюрихийн одон орон судлаач Вольф, Австрийн эмийн санч, одон орон сонирхогч Швабегийн 17 жилийн ажиглалтын судалгааг үргэлжлүүлэн хийж баталсан байна. Нарыг судлах явцдаа Вольф 11 жилийнхээс гадна 22-23 жилийн өвөрмөц мөчлөг байгааг тодорхойлжээ. Наран дээрх толбожилтын тоог Вольфийн тоо хэмээх болсон төдийгүй нийгмийн бүхий л салбарт эрчимтэй судалж эхэлсэн. Өдгөө дэлхий дээр нарны нам идэвхжилийн үе тохиож буйг та бүхэн эндээс харж болох нь ээ. Магадгүй үүнээс болоод сүүлийн үед байгалийн гамшигийн давтамж ихсэж, Улаанбаатар хотод хүртэл үер усны аюул тохион эрдэнэт хүний амь үрэгдэж буйг хэн мэдлээ. Үүнийг судалдаг ихэнх судлаач нар нарны идэвхжил нь хүн, амьтан, ургамал, түүний тоо толгой, үржил хөгжил, өвчин тахал, ган, зуд болон нийгмийн хямрал цэцэглэлтэнд нөлөөлдөг гэдгийг батлахыг хичээсээр байгаа нь их сонирхолтой. Сүүлд Оросын эрдэмтэн А.Л.Чижевский нарны идэвхжил байгаль, нийгэмд яаж нөлөөлдөгийг судлан, гелиобиологи буюу нарны биологи хэмээх шинжлэх ухааныг үндэслэсэн байна. Энэ шинжлэх ухаан астрономи, түүх, биологи, анагаах ухаан, ургамал судлалтай холбогдож, тэдгээрийн зүй тогтлыг нэгтгэн дүгнэх, холбох байдлаар үүсчээ.

Нарны идэвхжилийн нам үед явагдах зуд нь зундаа ган болж бэлчээр тэжээл хомсдосноос мал сүрэг үй олноор үхэж үрэгдэх, хүн малын халдварт өвчин, тахал дэгдэх явдал өндөр, үүнээс үүдэн тэжээлийн хомсдол буй болж, нийгмийн бухимдал ихэсч, эдийн засаг тогтворгүйтдэг байж болох юм. Тухайн үед ХҮДС-ийн рестор байсан Нямзагд багштай хамт хийж байсан судалгаагаар нарны идэвхжилийг 1749-2000 оныг хамруулан авч үзэхэд нам үе нь:

9 жилийн давтамжтай – 2 : 1775, 1784

10 жилийн давтамжтай – 6 : 1833, 1843, 1923, 1933, 1954, 1964

11 жилийн давтамжтай – 5 : 1766, 1867, 1878, 1889, 1944

12 жилийн давтамжтай – 4 : 1810, 1901, 1913, 1976

13 жилийн давтамжтай – 2 : 1823, 1856

14 жилийн давтамжтай – 1 : 1798 он гэж тус тус гарсан байна.

Дэлхийн хэмжээнд уур амьсгал өөрчлөгдөн байгаль цаг агаарын аюул гамшгийн давтамж ихсэж, эрч хүч нь нэмэгдэж байгааг та бид өдөр тутам сонсож, харж байна. Судалгаанаас үзэхэд нарны идэвхжилийн гол үзүүлэлт болох Вольфын тооны хамгийн их, бага утгын ойролцоох жилүүдэд ган, зуд болох магадлал өндөртэй байна. Өөрөөр хэлбэл мичин жилийн зуд айхтар байдаг гэж ярьдагчлан 12 жилийн циклээр нарны идэвхжил явагддаг нь нэг талаар батлагдаж буй мэт. Монголчуудын сэтгэлд хар толбо үлдээн одсон 1922, 1923, 1944 оны мичин жилийн зудны үед нарны идэвхжил буюу Вольфын тоо хамгийн бага /6 орчим/ байсан юм. Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад тохиолдсон холер, тарваган тахлын дэгдэлтүүд 4, 9, 11, 22, 33, 44 жилийн хэмнэлтэй, сахуу 11, менингет 22 жилийн хэмнэлтэй, малын галзуу 11, шүлхий 10-11, мялзан 8-9 жилийн хэмнэлтэй явагдаж байсан болон зарим өвчнүүд одоо ч тодорхой үед ихэсдэг болно. Тухайлбал, амьсгалын замын менингетээр 1954 онд 3000 орчим хүн өвчилж 200-д хүн эндсэн мэдээлэл байгаа бөгөөд ээлжит дэгдэлт 2014-2015 оны үед тохиож байна. Мөн нарны идэвхжилтэй холбоотойгоор хүний анхаарал болгоомж суларснаас авто хөсгийн аваар осол ихэсдэг байна. Японы эрдэмтэн Ш.Масамурын судалгаагаар Японы 10 том хотод наран дээрх өөрчлөлт, соронзон шуурганы дараа автын осол хэвийн өдрөөс огцом өссөн, Хамбург, Мьюнхенд наран дээрх дэлбэрэлтээс 2 хоногийн дараа 100,000 автын осол, Томскт авто осол 4 дахин ихэссэн нь нарны идэвхжил хүний сэтгэц анхаарал болгоомжид нөлөөлдөг байж болох маргааныг судлаач нарын дунд өрнүүлсэн бөлгөө.

Үүнтэй нэгэн адил нарны идэвхжилтийн долгион нь эдийн засагт нөлөөлсөөр авай. Улс орны эдийн засаг, нийгэмд байгалийн гамшгаас учрах хохирол улам бүр өсөн нэмэгдэж байна. Цаг агаарын гэнэтийн аюул жил бүр 25-30, зарим жил 40 хүртэл удаа тохиолддог бөгөөд үүний 1/3 орчимд нь хүний амь нас эрсдэж, 5-7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирдаг ажээ. Аль 1998, 1999 онд энэ төрлийн хохирол 12-17,5 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. 1999 оны зун нутгийн 60 орчим хувь гантай буюу гандуу байж, өвөл нь зуд нүүрлэснээс 40-өөд мянган га-гийн ургац алдаж 4 тэрбум, том малын зүй бусын хорогдол 2,6 саяд хүрч тэр үеийн ханшаар 90-ээд тэрбум төгрөгийн хохирол учирч байж. 2009 онд хэд гарах бол? Хэрэв цаг агаарын мэдээ байдаггүй бол дээрх эрсдэл 30%-р нэмэгдэж гарна гэж үздэг юм билээ. Ер нь цаг уурын мэдээлэл асар чухал бөгөөд маш их хөрөнгө мөнгө хэмнэдэг салбар юм. Энэ бол далд ажилладаг том тогтолцоо гэж хэлж болно.

Манай орон өнөөдөр цаг уураас шалтгаалдаг эдийн засагтай биш, цаг уурын мэдээнд үндэслэсэн эдийн засагтай болох хэрэгтэй байна. Энэхүү судалгааг үргэлжлүүлэн нарны идэвхжилийн үеүд нь Монгол улсын малын тоо толгой, ургац хураалтанд хэрхэн нөлөөлж буйг корреляцийн хамаарлыг ашиглан барагцаа авах гэж үзэж байлаа тухайн үед. Хэрэв энэхүү барагцаалал нь үндэслэлтэй гэж үзвэл нарны идэвхжил онцгой буурсан жилүүдэд ган зуд болох магадлал өндөр гэдгийг мэдэрч мал нядлах, мах бэлтгэх ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх, тариа, ялангуяа ус их шаарддаг хүнсний ногоо тариалахыг хязгаарлаж, үндэсний эдийн засаг түүний суурь салбар болсон хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн эрсдэлийг багасгах зориудын менежментийг хэрэгжүүлэх тухай судалгааг удирдаж байсан багштайгаа ярьж байсан ухаантай. Бүр Монголын зарим судлаачид алдарт бөхчүүдийг бүгдийг нь судлаад чухам ясны бөх хүн нарны идэвхжилийн жилүүдэд төрсөн тухай батлан сонинд судалгаагаа нийтлүүлсэн байсныг тодхон санаж байна.

Тухайн үедээ энэхүү судалгаанд итгэлтэй оюутан төгсөж байж. Дараа нь мастераа хийж байхдаа эдийн засгийн хичээлийн нэг бие даалтаа энэхүү сэдвээр авч судалгаагаа бататгахыг хичээсэн нь надад маш их зүйлийг өгсөн бөлгөө. Онцгой зуд бүхий 1922, 1923, 1944 оны жилүүдийг жирийн жилүүдийн дундажтай харьцуулан би юмаа батлах гэж хичээсэн хэрэг. Энэхүү судалгаан дээрээ зөвлөгөө авах зорилгоор профессор багш маань Австрали улсын шинжлэх ухаан, судалгааны гол агентлаг буюу CSIRO (Australian Commonwealth Scientific and Industrial Research Organization)-ын далай болон уур амьсгал судлаач эрдэмтэнтэй (Oceanographer/climate scientist) шууд холбож өгсөн юм. Энэ нөхөр урт хугацааны мөчлөг бүхий сери корреляцийн судалгаа хийдгээрээ алдартай бөгөөд үнэхээр энэ санаа үнэн бол шинжлэх ухааны үүднээс болон эдийн засгийн үүднээс маш чухал зүйл юм гээд их дуртай зөвлөгөөгөө өгч билээ. Гэвч хэд хоногийн дараа энэхүү сэдэв маань барууны шинжлэх ухааны стандартаар эерэг байдлаар батлагдах хэмжээнд хүрээгүйг ойлгосон юм. Учир нь корреляцийн хамаарал төдийлөн хүчтэй байж чадаагүй, уур амьсгалаас гадна өөр хүчин зүйлсүүд малын хорогдол, газар тариалангийн эрсдэлд нөлөөлөх магадлалыг тооцоогүй, зуд, ган гэдгийг хүчтэй, дундаж, зөөлөн гэх мэтээр ангилж индекжүүлэх ёстой байсан, сонгож авсан цаг хугацааны мөчлөг нь дэндүү богино байсан гэсэн шүүмжүүдийг авч билээ. Надад өгсөн зөвлөмж нь нар биш улирлын нөлөөг судалбал илүү тохиромжтой гэсэн бөлгөө.

Энэ зуур профессор маань корреляцийн хамаарлын болгоомжтой ашиглахгүй бол маш олон судлаач, эрдэмтэд нар буруу ашиглан, буруу дүгнэлт гаргаж аймшигт үр дүнд хүрч байсан жишээг хэлж байсан юм. Үүний тухай энэхүү бичлэгээрээ дээр үед бичих гэж оролдож байж. Эцэст нь юу гэсэн ойлголт төрсөн бэ гэхээр байгаль эх аливаа зүйлсийн зүй тогтол, тоо хэмжээг “цаанаасаа” зохицуулсан байдаг. Яаж ч бодсон 20 сая мал тааваараа бэлчингээ бэлчээрээ сүйтгэхгүй байх талбай дээр 40 сая мал хүчээр бөөгнүүлэхээр эсрэг үр дүн гарч үүнийг нь хүн төрөлхтөн ган, зуд гэсэн нэр томъёогоор тайлбарладаг болоо юу даа гэж. 40 байтугай сая мал Монголд байж болно, гэхдээ уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаар лав биш гэсэн дүгнэлт тухайн үедээ хийсэн ажгуу. Үүнийг би дипломын ажил биш жирийн нэг бие даалтаараа судалсан юм.

Магадгүй хэн нэгэн нь үүнийг бүр гүнзгий судалж үзвэл юмыг яаж мэдэх вэ маш сонирхолтой тоо баримт гаргаж, онцгой дүгнэлт хийж бататгах боломжтой ч юм билүү? Үүнтэй нэгэн адил үерийн далан дээр "хэргээр" буугаад, эсвэл үерийн суваг шуудуйг хог хаягдлаар дүүргээд, авто болон явган зам, нийтийн эзэмшлийн талбайдаа ус зайлуулах суваг бариагүй атлаа жаахан удаан бөгөөд хүчтэй орсон борооны "хүчиндүүлж" цуглуулсан усаа үер хэмээн нэрийдэж, дэд бүтцээ зөв хийгээгүй үйлдлээ хүний амь насаар төлж буй нь гамшигтай холбоотой корреляцийн хамаарлын тухай хийгдэж болох буруу дүгнэлтүүдийн нэг байж болох юм шүү ах дүү нар аа. Үүнийг нарны идэвхжилтэй холбон тайлбарлавал шал өмнөө хэрэг болох буй заа.

2 comments:

Anonymous said...

сайн байна уу энэ вольфийн тоон мэдээллийг хаанаас авах вэ

Anonymous said...
This comment has been removed by the author.