Wednesday 10 March 2010

Spring syndrome - Politics

Views

Хаврын синдром буюу улс төр

Сүүлийн үед мэдээллийн цахим хуудсуудаар гарч буй мэдээллүүдийг “шүүрдэж” байхад улс төртэй холбогдолтой мэдээллүүд зонхилох хувийг эзэлж эхлээд байх шиг санагдав. Жагсаал цуглаан, намуудын их хурал, ротаци, нэгдэл, “тахимаа өгсөн” ерөнхийлөгчийн “дуулиант” ярилцлага гэх мэт. Ер нь жил бүрийн хаварт бидний хэдэн Монголчуудын зарим маань улс төрөөр амьсгалж, энэ төрлийн замбараагүй мэдрэмж нь дээд цэгтээ тулж бараг 7 дахь мэдрэхүйтэй болдог гэж хэлмээр. Бусдын замбараагүй мэдрэмжийг ашиглан тоглолт хийдэг хагас замбараатай мэдрэмжтэй нөхдүүд бас байгаад байх шиг. Энэ чиглэлийн цэгцтэй мэдлэг, мэдээлэл миний хувьд “А” ч байхгүй тул энэ улиралд хэдий миний авах ёстой хичээл бус ч гэсэн associate dean-с тусгай зөвшөөрөл гуйн барин авч байгаад Graduate School of International Relation-ээс санал болгодог “Comparative Politics and Society” хэмээх хичээлийг авч үзэн бараг дуусах гэж баймой. Энэхүү хичээлийг зааж буй профессор маань уул нь Австралид PhD-гээ хийж, Австрали дахь Японы элчин сайдын яаманд улс төрийн тусгай зөвлөхөөр (special advisor) ажиллаж байсан боловч заах арга барил, харилцааны хэв хаяг нь жаахан тиймхэн. Цаасаа хараад бүтэн цаг хагас уншаад явчихна. Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр багшаа надад нэг санал байна. Та дараагийн хичээл дээр жаахан visual материал хичээл дээрээ ашиглавал ямар вэ гэж асуусны ачаар хааяа овоо нэг интернэт, номны хэсгүүдээс хүснэгт, график үзүүлж эхлэн хичээлийг улам сонирхолтой болгох шахаад байна.

Бичлэгээ эхлэхээсээ өмнө профессорын хэлсэн үгийг шууд хэлье. Тэр нь юу гэхээр “Улс төрд хувийн ашиг сонирхол үргэлж тэргүүнд тавигддаг” гэсэн болой. Өөрөөр хэлбэл улс төр гэдэг аль хэдийн мэргэжил болсон бөгөөд нөхдүүд сайд буюу эрх мэдэлд л хүрч байвал аль намд байх нь бараг хамаа намаагүй болж буй хандлага байна. Мэдээж улс төрийн онолоор бол улс төрийн нам нь ард түмэн буюу нийгэм ба төрийг хооронд нь холбож байдаг гүүр нь гэгддэг учиртай. Хэдий тийм ч ихэнх улс төрийн намын ард санхүүгийн хүчирхэг бүлэглэлүүд байдаг ба үндсэндээ улс төрийн намын хөшигний цаана суух нууц ноёнтон бололтой. Дэлхий даяар сүүлийн хэдэн жилд улс төрийн намууд санхүүгийн хүндрэлд ороод байгаа агаад гол учир нь намын гишүүдийн тооны өсөлт зогсож, тэр чинээгээр гишүүнчлэлийн орлого нь буураад байгаа аж. Үүнийг нөхөж, намуудад судас тариа болж буй зүйл нь корпорациудын санхүүгийн дэмжлэг. Цөөн хэдэн хүмүүсийн гарт улс орны хувь заяа атгагдаж байна, олигархи энэ тэр гээд яригдаж бичигдээд буйн учир нь энэ бус уу. Нэгэнт ийм хаалттай бөгөөд хязгаарлагдмал хүрээнд улс орны бүх шийдвэр гарч буй тул энэхүү хүрээлэлд буй хүмүүс тухайн нэг албан тушаалаас буусан ч гэсэн зэргэлдээх нөгөө нэг албан тушаалд очиж гавъяа байгуулсан бол тушаал дэвшиж, гай болсон бол “шилжүүлэгдэн зайлуулагдаж” улс төр хэмээх тусгай мэргэжлийн ажлын байрны “ротаци” хийж байдаг гэж хэлж болохоор. Хүрээллийн гадна байгаа зарим хүмүүс энэхүү хүрээлэлд орохын тулд яавал чиг яахад бэлэн байх аж.

Чухам энэхүү асуудлыг Япон улс их сонирхолтой аргаар шийдэх гэж оролджээ. Гэхдээ амжилттай болсон гэж хэлэхэд хэцүү л юм билээ. Улс төрийн хүрээнд үүсдэг авилга, хээл хахууль (Японоор бол эдгээрийн “хүндэтгэлийн хэл” нь компанийн хандив, тэтгэлэг гэж Монголоос Монгол руу орчуулж болохоор), хариу нэхдэг тусаас сэргийлэн аливаа улс төрийн нам буюу төрийн түшээдийн санхүүгийн бусдаас хараат бус байдлыг үүсгэхийн тулд ард түмнээсээ татвар авдаг аж. Япон улсын иргэн бүр жил бүр 250 иэн буюу ойролцоогоор 4,000 орчим “цаас” улс төрийн намуудын татварт шиддэг аж. Үүнийг Японы нийт хүн ам болох 120 сая хүнээр үржүүлбээс даруй 30 тэрбум иэн буюу ойролцоогоор 330 орчим сая ам.доллар болж байна өнөөгийн ханшаар бол. Энэхүү мөнгийг зөвхөн парламентад суудалтай намуудад хуваарилах агаад нийт мөнгөний 50%-ийг парламентад сонгогдсон намын гишүүдийн ерөнхий тоонд харьцуулж, 25%-ийг нь парламентийн дээд танхимын сонгуулийн дүнд үндэслэж, 12.5%-ийг нь парламентийн доод танхимын сонгуулийн дүнд үндэслэж, үлдэж буй 12.5%-ийг нь парламентийн дээд танхимийн намуудын суудлын харьцаанд үндэслэж тус тус олгодог бололтой юм. Хамгийн сүүлд миний сонсоход Японы Коммунист Нам парламентад нижгээд төлөөлөлтэй ч ард түмнийг “шулж” буй энэхүү мөнгийг авахгүй хэмээн авдаггүй бололтой юм билээ. Энэхүү мөнгийн англиар Public Funding буюу Annual salary to political parties from public гэж томъёолох юм. Ард түмнээс хамгийн их цалин авсан нам нь Японы либераль ардчилсан нам агаад 1995 оноос хойш хуримтлагдсан дүнгээр нийт 212 тэрбум иэн, Японы ардчилсан нам 106 тэрбум иэнээр тансаглаад байгаа аж. Гэсэн хэдий ч Японы намууд санхүүгийн корпорациудын дэмжлэг авсаар байгаа тухай би ЭНД бичиж байжээ. Магадгүй компаниудаас хамаарах шууд хамаарлыг энэхүү ард түмнээсээ авч буй мөнгө бага ч болов бууруулсан гэж найдах байна. Энэхүү ард түмний мөнгийг шинэ тутам гарч ирж буй намуудтай хуваалцаж, тэднийг парламентад төлөөлөлтэй болгохгүйн тулд том намууд нь хоорондоо үгсэн тохирж картель маягийн юм хүртэл байгуулдаг ажээ.    

Дараагийн сонирхолтой зүйл нь Японд хэнбугай ч нэрээ дэвшүүлэн сонгуульд оролцож болох боловч барьцааны мөнгө заавал төлж байж эрх нь нээгддэг байна. Өөрөөр хэлбэл тухайн нэг тойргоос нэр дэвшиж буй хүн болгон барьцааны мөнгө тухайн орон нутгийн сонгуулийн хороонд байршуулах ба хэрэв нийт сонгогч нарын 4%-с дээш санал авч чадаагүй бол барьцааны мөнгө нь тухайн нэр дэвшсэн тойрогт үлдэн, орон нутгийн удирдлага захиран зарцуулах бүрэн эрхтэй болдог аж. Тэгэхээр хоёрын хооронд нөхдүүд нэр дэвшихгүй байх магадлалтай гэсэн үг. Монголд маань ийм төрлийн зохицуулалт байдаг эсэхийг анзаараагүй боловч зарим улс төрийн намуудын дотоод сонгуулийн зарчимд иймэрхий төрлийн аргачлал байгаад байх шиг сонсогдсон. Гол нь улсын хэмжээнд хэрэгжүүлбэл уг нь их зүгээр санагдсан. Ядаж л тойргийн иргэд хэрэгтэй байгаа аахар шаахар зүйлийнхээ санхүүжилтэнд хэрэглэх буй заа. Дуучин Жавхлан их хуралд нэр дэвшихэд нилээд хүмүүс бухимдах шиг болсон. Уул нь ийм барьцаа мөнгөний систем байвал сонгуулийн дараа тухайн сонгуулийн тойргийн засаг ноён ход ход инээгээд барьцааны мөнгийг нь дүүрэг, хорооны иргэдээ зарцуулан барин сууж байсан байхаас гадна дараа жил улам олон Жавхлан нэр дэвшиж дүүрэг, хорооны түрийвчинд нэмэр болоосой гэж залбирах байсан биз ээ.

Нам, сонгууль гээд ярихаар сонгуулийн тойрог гэж заавал хөндөгдөнө. Улс төрд “Gerrymandering” гэсэн ойлголт байх агаад энэ нь сонгуулийн тойргийг өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, шаардлагатай бол шинээр “зурах” буюу байгуулах үйл ажиллагааг хэлдэг бололтой. Ухаан нь Ардчилсан нам хотод, МАХН хөдөөд голдуу олонхийн санал авдаг гэгддэг тул нөхдүүд эдгээр бүс нутаг дээр аль болох олон сонгуулийн тойрог зурахыг хүсэх байх гэж махчлан ойлгох юм уу даа.

Ардчилсан нийгмийн язгуур үндэс нь эрх чөлөө. Энэхүү эрх чөлөөг зарим хүмүүс пологтон барин эдлэх аж. Ухаан нь Австрали улсад аль 1973 онд Happy Birthday Party (HABP) буюу Төрсөн Өдрийн Мэнд Хүргэе Нам байгуулагдаж парламентад нэр дэвшигчээ сойж байсан байх. Үүнээс ч этгээд нэртэй, ёстой янзан бүрийн зорилготой улс төрийн намууд энэ дэлхий дээр хэдэн зуугаараа байдаг юм байна. Тэгэхээр Монголчууд бид л хаврын хаварт синдромтдог гэж хэлж болохгүй нь байна. Дээр үеийн хөгшид хоёр төрийн нүүр үзвэл их юм байсан бол өдгөө хэд хэдэн төрийн нүүр үздэг болоод сайн мууг нь мэдэхгүй хоорондоо бидэн хэд ярилцдаг билээ. Японд бол харин чиг бужигнуулж өгдөг юм байна. Нэг ижил хугацаанд Герман 5 канцлер, Америк 8 ерөнхийлөгч сольж байхад Япон улс 21 ерөнхий сайдаар “зулын гол” хийж байжээ. Одооний ерөнхий сайд нь бас л дэнжигнээд байгаа юм шиг байгаа юм.

Ерөнхийдөө улс төрийн намууд нь эдийн засаг болон нийгмийн талаар баримтлах бодлогоосоо хамаарч барууны буюу зүүний чиглэлийн гэж хоёр үндсэн төрөлд хуваагдах бөлгөө. Ухаан нь хэвтээ тэнхлэг нь эдийн засгийн нээлттэй эсвэл хязгаарлагдмал бодлого (economic spectrum), босоо тэнхлэг нь төр нийгмийн амьдралд хир хэмжээгээр оролцох оролцоо (intervention by the state on social spectrum) гэж үзээд квадрат үүсгэн тухайн намыг социалист, консерватив, ардчилсан гэх мэтээр ангилдаг юм билээ. Хятад улс харин энэхүү хоёр тэнхлэгийн огтолцол дээр бүх зүйлээ төвлөрүүлэх гээд үзээд байгаа гэж ойлгоод байгаа. Либераль гэдэг үг их аюултай үг байх. Либераль нам гэвэл Америкт нэг өөр, Канадад нэг өөр, Австралид нэг өөр чиг баримтлалтай намууд болж байна билээ. Түүчлэн Англо Саксон болон Төв Европ буюу эх газрын гэсэн зарчмын хувьд хоёр өөр хууль, шүүхийн тогтолцоо болон эдгээр дээр суурилсан шал өмнөө санхүүгийн систем, боловсролын тогтолцоо, нягтлан бодох бүртгэлийн аргууд байгаад байна. Япон улс эдгээр хоёрыг баланслан авч явах гээд үзээд байгаа бололтой зүйлс бас анзаарагдах юм билээ.

Дүгнэхэд, ганцхан Монголын улс төр “shit” биш хаа сайгүй нэг тиймэрхүү байдаг бололтой. Гэхдээ to what extent буюу улс төрч нөхдүүдийн эрээ цээргүй, хэт хувийн ашиг сонирхлоо хөөсөн үйлдэл хир түвшинд хийгдэж буйгаас ардчилал хэмжигдээд байгаа мэт. Сонгуулийг улс төрийн шинжлэх ухаанд Translation of people’s view буюу хүмүүсийн үзэл бодлын орчуулга гэж томъёолох тохиолдол байна. Орчуулга гээд бод доо! Орчуулагч нь чадваргүй бол улс орон хаашаа чиглэгдэх юм байгаа юм. Гэтэл орчуулагч нь чадвартай боловч “шимнуус”, бирд мэт шунал, тачаалын хүүдий бол бидэн хэд ч одоо хаашаа харж уйлах ёстой юм байгаа юм. Тиймээс хэний янаагүй бид бүхэн улс төр гэлтгүй шинжлэх ухаан, бүхий л нийгмийн салбарын ерөнхий мэдлэгээ сайжруулаад зогсохгүй, цаг үргэлж шинэчилж байж, аль болох нийгмийн идэвхтэй байж хажуу хавирганы нэгнээ зөв талаас нь хурцалж байх ёстой юм уу? Ухаан нь Монголчууд бидэнд аль болох цөөн тооны орчуулагч, болж өгвөл орчуулагч “хөлсөлж авахгүйгээр” улс төрийн түвшиндээ цэвэр тунгалаг шийдвэр гаргадаг нийгэм цогцлоон бүтээх, бэхжүүлэн хамгаалах хүч хэрэгтэй байгаа гэж мунхаг оюунд минь хааяа зурсхийх. Хамгийн эхлээд л шуудай гурил, арван мянган “цаасны” төлөө өөрийгөө худалдмааргүй байгаа юм. Сонин хэвлэл уншиж, энд тэндээс мэдээлэл авч байхад инфляци энэ тэр өндөртэй, бүх юмны үнэ нэмэгдээд байгаа өнөө үед иймэрхүү зүйл буюу гурил, будаа энэ тэрд “дэгээдүүлдэг” гудамжны биеэ үнэлэгч ч байхгүй болсон байхад ядаж биеэ үнэлбэл үнэлсэн шиг үнэлмээр. Хэний янаагүй мэдлэг, мэдээлэл, боловсрол, үнэлэмжээ өсгөх цаг нь ирчихсэн бус уу? Эс бөгөөс 76 мангуу гэж нөгөө хэдийгээ хочлон дууддаг 2.8 сая “дэбийл”-үүд болох гээд байгаа юм биш биз дээ? Хүний өөрийнгүй өөрсдийгөө “дэбийл” гээд дуудуулахаар ямар л таатай байв гэж. Мөн үү?

4 comments:

Anonymous said...

mon

xvv said...

Баярлалаа. :)

Тиймээс хэний янаагүй бид бүхэн улс төр гэлтгүй шинжлэх ухаан, бүхий л нийгмийн салбарын ерөнхий мэдлэгээ сайжруулаад зогсохгүй, цаг үргэлж шинэчилж байж, аль болох нийгмийн идэвхтэй байж хажуу хавирганы нэгнээ зөв талаас нь хурцалж байх ёстой юм уу?

Үүнтэй 99.99% санал нийлж байна ;)

Anonymous said...

Saihan bichjee. Sanal heg baina.

Mchonos said...

very educating

ялангуяа дэлхийн ерөнхийд нь харж байгаа маш их таалагдав.угаас одооний байгаа байдал өнөөх л хүйтэн дайнаас үүдэлтэй гэж ойлгодог.гээд одоогоор ану л хамаг юм тодорхойлох гээд байх шиг.нэг их ардчилал энээ тэрээ гэж яри хэрнээ бусдыгаа боолчлох санаатай нь зөвхөн ану л юм даа гэж